Аялал жуулчлалын нэгдсэн төв үүд хаалгаа нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-11 16:56:51
Yesukheitumur Tumurbaatar

БНСУ-ын “Койка”-ийн төслийн хүрээнд шинэ “Аялал жуулчлалын мэдээллийн төв” Төв аймагт үүд хаалгаа нээлээ. Барилгыг төслөөс 37.2 сая төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьсан юм.

Нээлтийн үйл ажиллгаанд Төв аймгийн Засаг дарга болон, Солонгосын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ён тэргүүтэй төлөөлөгчид уригдан оролцож тууз хайчиллаа.

1991 оноос хойш 25 жилийн хугацаанд Монгол Улсын Хөдөө аж ахуй болон нийгэм хүмүүнлэгийн салбарт олон арван төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд түүн дотроос анх удаа Төв аймагт аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулсан нь цаг үеэ олсон чухал үйл явдал боллоо гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал онцоллоо.

Тэрээр цааш хэлэхдээ аялал жуулчлалын нэгдсэн төв байгуулагдсанаар аймгийн аялал жуулчлалын салбарт төдийгүй нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тодорхой үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Харин Монгол дахь Солонгосын хамтын ажилгааны суурин төлөөлөгч Пак Сү Ён хэлэхдээ бидний хөрөнгө оруулсан тус мэдээллийн төвөөр дамжуулан та бүгд орон нутгийхаа байгаль, түүх соёлын дурсгалт газруудын тухай мэдээллийг гадаад, дотоодын жуулчдад хүргэж сурталчлахаас гадна үнэн зөв мэдээллээр хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болно хэмээн  онцолсон юм.

 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ