Парк шинэчлэл хийх шаардлагатай байгаагаа уламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-16 15:57:43

Баянхонгор хотын нүүр царайг өдөр тутамдаа өөрсдийн хөдөлмөр бүтээлээр тордож тодотгож авч явдаг "Цэвэр хот"-ын хамт олон дөчүүлээ. Өглөөний 8:30 гэхэд ажилдаа гардаг цэвэр хотынхонтой ажилд гарахаас нь өмнө аймгийн удирдлагууд хүлээн авч уулздаг, өглөөний цай барингаа ажилчидтай амьдрал ахуй, ажил байдлынх нь талаар санал солилцлоо.

“Цэвэр хот” Орон нутгийн өмчит ХХК нь захиргаа удирдлага, тээвэрлэлт засвар, цэвэрлэгээ үйлчилгээний үндсэн 3 хэсэгтэй. Хот дотор хог тээвэр, орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээ, нохой устгал гэсэн 3 төрлийн үйл ажиллагааг хариуцан явуулдаг байна.

Гэр хорооллын айлуудын хогийг сардаа нэг удаа, орон сууцны айлуудын хог хаягдлыг өдөр бүр ачдаг хэрнээ адилхан 3000 төгрөгийн үйлчилгээний төлбөр авдаг жишиг тогтсоныг өөрчлөх, машин механизм нь хуучирч нэлээд хэсэг нь эвдэрсэн учир парк шинэчлэлт хийх хүсэлтэй байгаа тухайгаа цэвэр хотынхон аймаг сумын удирдлагуудад ярилаа. Мөн тэд Баянхонгор суманд эзэнгүй 900 орчим нохой байсны 600 гаруйг нь устгаж нохой устгалын ажлыг 70 хувьтай явуулж байгаа аж.

Өнгөрсөн онд “Цэвэр хот” ОНӨХХК-д 40 орчим сая төгрөгийн өр үүссэн байсан нь тухайн байгууллага үйл ажиллагаагаа жигд явуулахад нэлээд хүндрэл үүсгээд байгаа тухайгаа аймгийн удирдлагуудад уламжилсаны хүчинд 27 сая төгрөгийн өрийг нь орон нутаг шийдвэрлэж өгч татвар, нийгмийн даатгалын өргүйгээр шинэ оноо угтах боломжийг олгож өгчээ.

Тухайн байгууллагын ажилчдын цалин 192.000-370.000 төгрөг байдаг ба цалингаа нэмэгдүүлэх ажил арга хэмжээг өөрсдийнхөө хүчээр нэмж хийх боломжтойг аймгийн удирдлагууд хэлж байв.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ