Үл үзэгдэгч үнэт зүйлс

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
dogsom@montsame.mn
2017-01-04 16:50:48

“Амьдралоги” гэхээр уншигч та юуг ойлгож байна вэ? Магадгүй “амьдрал” гэх үгийг алдаад биччихсэн юм бишүү гэж хариулах байх. Эсвэл хэтэрхий гоёчлох гэсэн хэрэг хэмээн шүүмжилж, магадгүй орчин үеийн үг хэллэг нь энэ юм болов уу хэмээн гайхах байх. Гэхдээ энэ бүгдийн аль нь ч биш. Бид өөрсдийн биеэр үзэж, туулж, аз жаргал, гуниг зовлонг нь амсч байж амьдралыг таньдаг, ухааждаг. Ямар нэгэн алдаа гаргаж, түүнийгээ засахын төлөө хичээж, хөдөлмөрлөж амжилтанд хүрдэг. Бодохоос ч халшрам зүйлсийн тухай үргэлж бодож, ухамсартаа цоо шинэ амьдралыг бүтээхээр хүсэн тэмүүлдэг. Энэ бүхэн нь “Амьдралоги” юм.

Юуны учир энэ бүгдийг нуршив гэж бодож магадгүй. Учир нь IMax" кино театрт “U film” уран бүтээлийн нэгдлийн дөрөв дэх уран бүтээл болох "Амьдралоги" романтик инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэнтэй холбоотой юм. Тус кинонд өнөө цагт хүмүүнлэгийн элч гэгдэх болсон жүжигчин Г.Ундармаа тоглосон бөгөөд зохиолын санааг ч анх өөрөө гаргаж кино зохиолыг бичсэн Д.Гэрэлт-Одод уламжилж байсан гэнэ. Мөнхүү тус киноны үйл явдлын өрнөл үед жүжигчин Г.Ундармааг “нүцгэлүүлэх” шийдвэр гаргасан байсан нь олны анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Мөн энэхүү киноны гол дүрд СТА, жүжигчин О.Энхтуул “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, Н.Онон, залуу жүжигчин Н.Гэгээнхүслэн, Б.Янжиндулам нар тогложээ. 

Үзэгчид “Амьдралоги” киноноос эдийн засгийн хувьд хямралд өртсөн гэр бүл, эд хөрөнгө, албан тушаалтай хэдий ч заяаны ханиа хараахан олоогүй бүсгүй, идэрхэн залуу насныхаа алдаа оноог дэнслэн яваа Оюун охин болоод ажилдаа амьдралаа зориулсан хэдий ч бүтэлгүйтсэн эрдэм шинжилгээний ажилтан нарын тухай ар араасаа хөврөх сонирхолтой үйл явдлууд, дүрүүдийн нүдэн дээр ил өрнөх тэмцэлд хөтлөгдөх болно. 

Харин киноны утга санаа, зохиолчийн бодож олсон дүрийн хувьд онц гойд зүйлгүй. Монголын нийгэмд ажиллаж амьдарч яваа байдаг л нэг 40 гаруй насны эмэгтэйн дүр Г.Ундармаад оногджээ. Харин мэргэжил нь багш. Ээж, охин, нөхөр гурав хамт амьдрах бөгөөд өнөөх бүтэлгүй эрдэм шинжилгээний ажилтан болох Сэтгэлсайхан гэгчтэй ханилан суудаг. Гэвч амьдралд тохиолдох олон боломжийг алдаж, гэр орон, үр хүүхдийнхээ төлөө бус ажилдаа улайрсан Сэтгэлсайхан гэгчээс эхнэр Ундармаа салахаар шийдэж шүүх хуралд оролцож буйгаар кино эхэлдэг. Шүүх хурал эцэст нь эхнэр нөхөр хоёрт эвлэрэх хугацаа олгохоор шийдвэрлэсэн нь Ундармаагийн уурыг барж, нөхөрт нь баяртай мэдээ дуулгадаг. Сэтгэлсайхан гэгч энэ бүтэлгүй эрдэмтэн 18 жил нэг л туршилт хийхээр оролдож олсон орлогоо тэрхүү зүйлдээ зарцуулсаар байдаг. Басхүү лабораторио дэлбэлж орхиод ажлаасаа хөөгдчихдөг билээ. Хэн ч гэсэн сэтгэл сайтай, 20 жилийн өмнө их сургуулиа улаан дипломтой төгссөн боловч нэг л зүйлд амьдралаа зориулж “амьдралоги”-гүй мэт аашилж яваад бүтэлгүйтсэн мөртлөө түүндээ болон гэр бүлийн байдалдаа огтхон ч санаа зовдоггүй нэгнээс салахын түүс бололгүй яах вэ.

Харин гэр бүлийн хоёрын түүх цааш огт ондоогоор өрнөв. Сэтгэлсайхан олон өдөр нэлээд хэдэн газраар орсны эцэст арай гэж шинэ ажил олтол эхнэрийнх нь хичээл заадаг сургууль байв. Тиймээс сургуулийн хамгаалалтын ажилд орсон нөхрөө тоохгүй царайлж тэр хоёр хэн хэн нь ганц бие мэт аяглана. Гэвч Ундармаа эцэст нь салахын түүс болоод байсан нөхрөө бусдаас харамлаж, хайрлахын дээдээр хайрлаж эхэлдэг. Учир нь сургуулийн захирал болох ганц бие хүүхэн бүтэлгүй эрдэм шинжилгээний ажилтанд татагдаж орхидог юм. Уг сургуулийн захирал эмэгтэйн дүрийг театрын халуухан бүсгүйчүүдийн нэг гэгддэг О.Энхтуул  бүтээжээ. 

Амьдрал нэгэн хэвийн уйтгартай, утгагүй гэж харааж, зүхэх үе хүн бүхэнд тааралддаг ч гэлээ бидэнд ямар нэгэн үнэ цэнэтэй зүйл байдаг. Тэр зүйлийг бид анзаардаггүй хэдий ч оршин байхуйн нөхцөлд сэтгэл татагдам зүйлс үргэлж хадгалагдан үлдсэн байдгийг “Амьдралоги” киноноос үзэж болно. Үүнийг л үл үзэгдэгч үнэт зүйл гэж нэрлээд байгаа билээ.

“Г.Ундармаа жүжиглэж чадахаа болиод, эмнэлэг барих болсон” гэж мэр сэр ярих хүмүүс ч байсан. Харин тэр энэ явган ярианы галыг хүчирхэг давалгаа шиг цалгин ирээд унтрааж чадлаа. Залуухан бүсгүйгээс нөхрөө дэргэдээ авч үлдэхийн тулд тэмцэж буй багшийн дүрийг 45 настай Г.Ундармаа бүсгүй хэрхэн гайхалтай амилуулсныг тус киноны нээлтэнд оролцсон хүн бүр бахархан ярилцаж байв.

Үнэхээр тэр өнөөдөр хийж буй үйлдэл бүрээрээ үзэгчдийн хайрыг татсан хүн гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэхдээ урлаг туйлын харгис зүйл. Гол нь сэтгэл хөдлөл, дүрдээ орох, аль ч нөхцөлд юунд ч хувирч чаддаг жүжигчин хүний гайхам чадварыг энэ олон ажлын дараа дахин үзүүлж чадсан нь үнэхээр олзуурхууштай.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ