МСҮТ төгсөгчдийн 30 хувь нь л ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-17 01:54:45

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төв 51 дэх хичээлийн жилдээ сургалт явуулж байна.

Энэ хичээлийн жилд 235 суралцагч төгсөөд, одоо 45 ангид 630 суралцагч сурч, орон тооны 54, цагаар хичээл заадаг зургаа долоон багш ажиллаж байна. Өмнө нь суралцаж төгссөн 28 сурагч зохих журмын дагуу өөр мэргэжил давхар эзэмшихээр дахин суралцаж байна. Герман Улстай хамтарсан төслийн дагуу энэ онд 70 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмж орж иэсний дээр тус улсаас багш ирж гагнуурчин мэргэжлээр 18 сурагчид хичээл зааж байна. Уг ангид голцуу хөгжлийн бэрхшээлтэй залуучууд суралцдаг ажээ.

-Аж ахуйн нэгжүүдийн ажиллах боломж хомсдсоноор өнгөрсөн жил төгсөгчдийн 30 орчим хувь нь л ажлын байртай болсон. Тэд өөр аймаг хотод очиж ажил хийх гэхээр албаны хэл мэддэггүй бэрхшээл байдаг учир бөөнөөрөө очиж ажиллах нь давуу талтайг бид зөвлөдөг Мөн замчид бэлтгэх анги өмнөх хичээлийн жилд нэмэгдсэн байсан ч одоо татан буугдсан. Зарим байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгаар сонирхсон мэргэжлийнх нь дагуу анги танхим байгуулж сургалт явуулдаг. Дэлхийн зөн байгууллага оёдолчин зэрэг мэрэгжлээр 30  ажилчин бэлтгэх гэрээ хийгээд байна. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш манай суралцагчид 70 мянган төгрөгийн тэтгэлгээ аваагүй байгаа гэж тус төвийн сургалтын менежер Ж.Мингай ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ