“Баруун монголын шашин соёл” шинэ номын нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД“Тод номын гэрэл” төвийн гүйцэтгэх захирал На.Сүхбаатарын “Ойрад судлалын номын сан” цувралын 65 дугаар боть “Баруун монголын шашин соёл” номын нээлт Ховд аймгийн Нийтийн номын санд болсон юм.
Монголын судлалын олон эрдэмтэнд зориулсан BIBLIOMHECA OIRATICA монгол хэлээр бол “Ойрад судлалын номын сан” хэмээх цувралыг монголчуудын түүх, шашин, ардын урлаг, бичиг соёлын өв уламжлалыг судлах, нийтийн хүртээл болгох, залуу судлаачдыг дэмжих зорилгоор Тод номын гэрэл төв эрхлэн гаргаж байгаа аж. Энэ удаагийн цуврал “Баруун монголын шашин соёл” ном Ойрад монголд бурханы шашин дэлгэрсний 40 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний 2 дугаар хуралд оролцсон судлаачид, доктор профессорууд, баруун аймгуудын хийдийн лам нарын тавьсан илтгэл бүтээлүүдийг эмхэтгэн гаргасан байна.
МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор На.Сүхбаатар, "Баруун аймгийн залуучууд ажилладаг “Тод номын гэрэл” төв байгуулагдаад 10 жил болж байна. Бидний зөвлөх багш Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор Л.Тэрбиш бодлогыг холоос харж хийх ёстой гэж захидаг. Манай төвөөс гаргадаг ”BIBLIOMHECA OIRATICA” төв номын цуврал 10 жилийн хугацаанд 65 боть гаргаад байна. Манай төв оюутан, магистр, докторантуудыг дэмждэг “Баруун монголын шашин соёл” номыг УИХ-ын гишүүн, Ховд их сургуулийн ТУЗ-ийн дарга Б.Пүрэвдорж ивээн тэтгэж гаргасан. Дараагийн 10 жилд бид манж хэл дээр байгаа түүхэн сурвалжуудыг орчуулах, манж хятадын байлдсан түүхийн 65 жил, манжтай холбоотой ботиуд гаргана. Хойч үеийнхний танин мэдэхүй, түүх соёлын мэдлэгт зориулж тод бичгийн сурах бичиг, толь, унших бичиг, үндэсний сургагч багш бэлтгэх ажлыг төлөвлөөд байна. “Баруун монголын шашин соёл” номыг түүхийн ухааны доктор М.Ганболд бид хоёр баруун аймгуудын сүм хийдийн лам нартай холбогдож шашин соёлыг яаж уламжлалтай холбох талаар ярилцсан. Ойрад монголын баяд ноёдын шашин, соёлд оруулсан хувь нэмэр, Увс аймгийн Дэчинравжайлин хийд, Ховдын түгээмэл амаржуулагч хийд, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутагт байгаа бурханы шашны сүм хийдүүдийн туурь зэрэг сонирхолтой бүтээлүүдийг эл номонд шигтгэсэн “ гэж ярилаа.
Ховд аймгийн Нийтийн номын санд шашин түүх, соёлын ховор номын дээжүүд бас байршуулсан байдаг. Баруун монголын шашин соёл номын зохиогч На.Сүхбаатар аймгийн номын санд Тод гэрэл төвөөс гаргасан цуврал номын дээжээс баринтагийн хамт бэлэглэсэн бол номын нээлтэд оролцогчид бас ширээний шинэ номтой боллоо.
А.Бямбасүрэн