Улсын Хоёрдугаар эмнэлэгт БЗД-ийн хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-01-26 17:50:10

Томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Улсын Хоёрдугаар эмнэлгийн хүүхдийн тасагт 30 ор нэмэн нийт 46 ортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тус тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайдын хувьд өөрөө эмч учраас залуу эмч нартаа чөлөө зав гарсан, ачаалал бага үедээ гадаад хэл сайн сурч, сургалтын заавар, зөвлөмжөө эргэн сайн уншиж байх, өвчтөндөө хэрхэн урьдчилан сэргийлж болох талаас нь байнгын зөвлөгөө өгч байх нь зүйтэй гэв.

Тус тасагт дүүргийн хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн бичигтэй хүүхдүүдийг шууд хүлээн авч хэвтүүлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нэг сартайгаас таван насны буюу бага насны 26 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүд ихэвчлэн уушгины хатгаатай, хоолой нь өвдсөн байдалтай, оройн цагаар их хүндэрч ирдэг аж.

Хэвтэн эмчлүүлэгчдийн зүгээс дүүргийн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлэх боломжгүй байсныг ийнхүү шийдвэрлэж, түргэн шуурхай үйлчилж байгаад талархаж буйгаа Эрүүл мэндийн сайдад хандан хэлж байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ