Хятад эрдэмтэн ган ширэм үйлдвэрлэх цэвэр технологийг бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-06 16:31:16

БЭЭЖИН. /TASS/.  Хятадын эрдэмтэн Хоу Сипунь ган ширэм үйлдвэрлэх шинэ технологийг зохион бүтээсэн ба уг технологи нь Хятад улсыг утаанаас салгаж чадах ажээ. 

Хятадын төмөр, гангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд олон жил ажиллаж байгаад сүүлийн үед “Бэйцзин сипунь” гэдэг өөрийн компаниа байгуулсан энэ эрдэмтэн сүүлийн 10-15 жилийн хугацаанд залуу эрдэмтдийн хамтаар ган хайлуулах “ногоон” үйлдвэрлэлийг бий болгох төсөл дээр ажиллажээ.

“Агаар мандалд хаягддаг хаягдлын оронд бид хатуу хаягдал гарган авсан нь бараг л коксгүй технологийг боловсруулж чадлаа гэсэн үг” хэмээн тэр ярьжээ.

Хоу Сипунь цааш нь ярихдаа, энэ шинэ технологийг харьцангуй жижиг үйлдвэрт нэвтрүүлэхэд 1,5 сая орчим доллар шаардлагатай, харин аварга том концернд нэвтрүүлэх бол үүнээс хэдэн арав дахин их мөнгө зарцуулах хэрэгтэй болно” гэж тайлбарлажээ.

Тэрбээр Хятадын “Бүс ба Зам” хөтөлбөр болон Орос, Казахстаны бизнесменүүд түүний гаргасан шинэ санааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Би Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудаар ажлын шугамаар олон удаа явсан. Энэ асуудлыг би гадаадын түншүүдтэйгээ хэлэлцээд эхэлчихсэн, энэ онд зарим түншүүд маань ажил хэрэг болгохоор Хятадад ирнэ” хэмээн Хоу Сипунь ярьжээ.

Ярилцлага хийх явцад 65-70 орчим настай болов уу гэмээр харагдаж байсан тэрбээр өнгөрсөн онд 83 нас хүрсэн нь тодорхой болсон юм. “Би спортоор идэвхтэй хичээллэдэг, өдөр бүр 3,2 км газар гүйдэг, савлуур дээр хэдэн удаа дараалан найм суниачихдаг” хэмээн Хоу Сипунь хуучиллаа.

О. Барс

 

Холбоотой мэдээ