Лазер ашиглан тархины хавдрыг тайрч авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bars@montsame.mn
2017-02-07 13:23:09

ЛОНДОН. /BBC/. Лазерыг ашигласнаар хүний тархин дахь хавдар яг хаана байгааг нь тогтоох, тархины чухам аль хэсгийг нь тайрах вэ гэдгийг тодорхойлох боломжтой болно.

Хэрвээ хавдрыг бүрэн тайран авч чадахгүй бол хавдар дахин үүсэх магадлалтай байдаг. Нөгөөтэйгүүр, хавдрын орчим дахь тархины эдийг хэт ихээр нь тайрах аваас хүний тархины үйл ажиллагаа алдагдах нь ойлгомжтой. 

Харвардын их сургууль, Мичиганы анагаах ухааны дээд сургуулийн судлаачид Романовын спектроскопыг 360 өвчтөнд туршин хэрэглэжээ.

“Тархины хавдар нь үүлтэй төстэй – хавдрын гол хэсгийг нь олж илрүүлэхэд амархан, харин хавдар чухам хаана нь дуусч байгааг олоход хэцүү байдаг” хэмээн судалгаанд оролцсон доктор Дэниел Орринжер ярьж байна.

Биеийн бусад хэсэгт гарсан хавдрын тохиолдлын хувьд жишээлбэл, нарийн гэдэсний хавдрыг төдийгүй түүний ойр орчмын зөөлөн эдийг нь мэс засалчид тайраад авчихдаг.

Харин хүний тархинд үүссэн хавдрын тухайд ийм боломжгүй, учир нь тархины эд эс бүр амин чухал үүргийг гүйцэтгэдэг.

Технологи

Тархинд хавдар байгаа эсэхийг тогтоохын тулд сорьц болгон өвчтөний тархины зөөлөн эдийг аваад, түүнд будагч бодис шахдаг байна. Үүний дараа тархины будагдсан зөөлөн эдийг нарийвчлан шинжилнэ. Үүнд 30-40 минут зарцуулдаг байна.

Шинэ технологийг ашигласнаар хавдар дээр лазерын туяа тусгадаг ба түүний гэрлийн шинж чанар нь чухам ямар зөөлөн эд дээр тусч байгаагаас хамааран өөрчлөгддөг ажээ.

Хавдрын болон хэвийн эсийн химийн найрлагын ялгаа нь хавдрын хүрээ хязгаарыг яг нарийн зааглан харах боломжийг мэс засалчдад олгодог байна.

Одоохондоо энэ технологийг мэс засалд хэрэглээгүй байгаа бөгөөд түүнийг клиникийн туршилтаар баталгаажуулсан байх ёстой.

Энэ технологийн талаарх материал "Nature Biomedical Engineering" сэтгүүлд нийтлэгджээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ