Бүх нийтийн биеийн тамир сэргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-14 13:11:29

Ховд аймгийн тэшүүрийн аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг аймгийн Тэшүүрийн холбоо 02-р сарын 11-нд аймгийн Биеийн Тамир Спортын Газартай хамтран амжилттай зохион байгууллаа.

Буянт гол дээр  болсон тэмцээнд 09-10 нас, 11-12 нас, 13-14, насны хүүхдүүд 300 метр зайд, 17-19 насны хүүхдүүд, насанд хүрэгчид 500 м зайд тэшүүрээр гулгаж 80 гаруй тамирчин оролцсон байна.

Бараг 40-50 жилийн дараа гэж хэлж болохоор энэ тэмцээнд оролцохоор бас сонирхохоор хүүхэд багачууд, аав, ээжээ дагуулан олноороо очсон байв.

Ховд аймагт биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ой угтаж, тус аймгийн Тэшүүрийн холбооноос санаачлан зохион байгуулсан тэмцээнд Прогресс сургууль, Политехник коллеж, Хотын захирагчийн алба, Хаан банк, Эрин секьютири клубын тамирчид,тэшүүр сонирхогчид оролцсон байна.

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт иргэдийг нийтийн биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцөл сайжруулан, олон нийтийг хамарсан аян өрнүүлэхээр тусгагдсаныг аймгийн Спортын ордон эхнээсээ ажил хэрэг болгож байна.

Ховд аймагт 1970-1980-аад оны үед тэшүүрийн тэмцээн, бүх нийтийн гүйлт, бүх сургуулиудын дунд спартакиадын тэмцээн эрчимтэй явагдаж байсан сайхан уламжлалтай байв. Энэ уралдаан тэмцээнээс спортын олон алдартнууд төрж гарсан байдаг.

Ховд аймгийн Буянт голыг их бага гол гэж нэрлэн өвлийн улиралд хүүхэд багачууд бага голын мөсөн дээр чаргаар, тэшүүрээр, томчууд нь их голын мөсөн дээр тэшүүр, конькигоор гулгадаг байсан. Ялангуяа бүтэн сайн өдөр голын мөсөн дээр чарга байхгүй бол нэгнийхээ хормойноос зүүгдэж мөсөн дээр тоглодог, эсгий гутланд тэшүүрээ бэхлэн, нэг нэгэндээ дамжуулан мөсөн дээр гулгаж, хацраа жаварт хайруулж, хамраасаа нус гоожтол гэртээ харихыг мэдэхгүй тоглодог  байсан юм. 1990 он гарснаас хойш бүх нийтийн биеийн тамир спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн зогсонги байдалд орсон билээ.

Ховд аймгийн сургуулийн ахлах ангийн сурагчид Ховд хотын урд хэсэг Элсэн толгой хүртэл гүйлтийн тэмцээнд оролцдог, Их гол буюу Буянт голынхоо мөсөн дээр “Цэвэр агаар эм” арга хэмжээ зохион байгуулж, Шар сүмд уулын авиралт хийж, Оцон чулуу, Баатархайрхан уул хүртэл явган алхалт хийдэг, Ямаат улаан ууланд уулын оргил булаалдах тэмцээн тогтмол явагдаж амралтын нэг өдрийг байгууллага, анги хамт олноороо үр дүнтэй өнгөрүүлдэг байсан юм.

Бид хүүхэд байх үеэсээ ах эгч нарынхаа оролцдог дээрх уламжлалт тэмцээнд оролцохыг хүсдэг, хүлээдэг байсан. Тухайн үеийн аймгийн Биеийн тамир спортын газар бүх нийтийг хамарсан спортын тэмцээнийг улирлын онцлогт тохируулан явуулдаг байсныг үе үеийн ахмадууд дурсан ярих дуртай байдаг.

Харин саяханаас 2010 оноос Мөнгөлөг шагшуурга мөсний баяр арга хэмжээг хоёр жилд нэг удаа зохион байгуулж, Хар ус нуурын мөсөн дээр төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиогдох болсон.

Хөгшчүүл хэлэхдээ “хүн хөдөлж, гүйж харайж, гар хөлөө хөдөлгөж байвал үхдэггүй, хүн хөдлөхгүй л бол хөшиж үхдэг” гэж ярилцдаг. Дулаан тохитой байранд амьдардаг хүүхдүүд агаар салхинд гарахгүй, хөдөлгөөн дутагдаж байгаа учраас амархан бие сульддаг, залхуу, өвчлөмтгүй болж байна гэж ахмад тамирчин Ч.Бямбажал гуай хуучиллаа.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ