Эрүүл ахуйн шаардлагад тохирохгүй ус унд ахуйдаа хэрэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-22 17:35:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт сумдын 43.6 хувь нь эрүүл ахуйн шаардлагад тохирохгүй ус унд ахуйдаа хэрэглэж байгаа нь судалгаагаар илэрчээ.

Сэлэнгэ аймгийн УЦУОШАлбаны Байгаль орчины шинжилгээний лабораториос аймгийн хэмжээнд ажиллаж байгаа худгуудын усанд гидрохимийн шинжилгээ хийж, дүгнэлт гарган ажиллаж байна. Үүнд сумдад байгаа инженерийн хийцтэй болон иргэдийн энгийн хийцтэй, мөн шинээр гаргасан худгууд хамрагджээ. Тус лаборатори судалгааны дүнгээ сүүлийн таван жилийн дундажаар тооцоолон дүгнэлт гаргасан аж. Тухайлбал судалгаанд хамрагдсан нийт худгийн усны чанарыг унд ахуйн хэрэглээний усны стандарттай харьцуулж үзсэн байна. Ингэхэд Сант, Хөтөл, Ерөө, Хүдэр, Алтанбулаг, Мандал, Цагааннуур, Орхонтуул зэрэг сумдын худгийн ус эрдэсжилт ихтэй. Харин Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Мандал сумдын иргэдийн худгийн ус хатуу устай байжээ. Тодруулбал судалгаанд хамрагдсан  нийт худгийн усны 3.6 хувь нь кальци, 7.3 хувь нь магни, 10.9 хувь нь фторын хэмжээ их байгаа нь илэрчээ. Энэ нь эрүүл ахуйн шаардагад нийцэхгүй устай худаг ашиглаж байна гэсэн үг юм.

Иргэдийн эзэмшилд байгаа худгийн ихэнхи хувь нь энгийн гар аргаар, 7–12 метрийн гүнээс гаргасан худгууд байдаг байна. Ийм худгийн ус нь гүний бус хөрсний ус байдаг аж. Мөн зарим сумд 20-иос  дээш  жил ашигласан, хугацаа нь хэтэрсэн инженерийн хийцтэй худгаас усаа авч байгаа зэрэг нь усны чанарт ихээхэн нөлөөлж байгаа гэдгийг мэргэжлийн хүн хэллээ. Иймээс Сэлэнгэ аймаг цаашид сумдын усны чанарыг сайжруулах, технологийн асуудлыг шийдвэрлэх, мөн ундны устай холбоотой өвчлөлийг  тодорхой сум, багт гүнзгийрүүлэн судлах зайлшгүй шаардлага гарч байгаа аж. Ингэснээр хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болох ажээ. Тус лаборатори нь энэхүү шинжилгээний ажлаа 2008 оноос хойш тогтмол хийж байгаа гэнэ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ