“WikiLeaks” АНУ-ын ТТГ-ын даргын захидлуудыг нийтэлж эхэллээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-22 12:14:45

МОСКВА. /RIA Novosti/.  АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ дарга Жон Бреннаны төрийн бус байгууллагын цахим шуудангийнх нь захидлуудыг “WikiLeaks” нийтэлж эхэлжээ. Тус сайтанд мэдээлж буйгаар, Бреннан уг и-мэйл хаягийг тагнуулын үйл ажиллагаатай холбоотой зарим төсөлд хааяа ашигладаг байсан байна. 

Лхагва гарагт нийтэлсэн зургаан баримт бичиг нь Барак Обамаг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үе буюу 2007-2008 онд хамаатай аж. “WikiLeaks” цахим хуудсанд онцлон тэмдэглэж буйгаар, энэ үед Бреннаны байгуулсан дүн шинжилгээний “The Analysis Corporation” /TAC/ компани нэр дэвшигч Обамад аюулгүй байдлын асуудлаар зөвлөгөө өгч байсан бөгөөд чухам энэ үеэр Обамагийн Засгийн газрын Хятад, Иран, Афганистан болон Пакистаныг чиглэсэн бодлогын үндэс суурийг томъёолжээ.

Олон нийтэд дэлгэсэн баримт бичгүүдийн дотор хүйтэн дайны дараах болон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараах үед АНУ-ын тагнуулын албанд тулгарч буй сорилтуудын тухай дуусгаагүй нийтлэл байгаа аж. Уг захидалд Бреннан тагнуулын албаны бие даасан байдал нь улс төрийн арга зальд хэзээ ч өртөх ёсгүй гэдгийг шаардсан байна. Захидлын сүүлийн хэсэгт нууц материалууд алдагдах аюултай байгаа талаар дурдсан бөгөөд энэ талаар тэрбээр бичиж дуусгаагүй байна.

Бреннаны 2007 оны 11 дүгээр сард бичсэн бас нэг баримт бичигт Иранд чиглэсэн бодлоготой хамаатай ирээдүйн ерөнхийлөгчид өгсөн зөвлөгөөнүүд байгаа аж.

“WikiLeaks”-ийн нийтэлсэн хоёр захидалд хоригдлуудыг эрүүдэн шүүх хориотой аргуудын талаар дурджээ. Захидлуудын нэг нь Сенатын танхимын тагнуулын асуудал эрхэлсэн хорооны дарга Кит Бондоос ирсэн байна. Тэрбээр захидалдаа эрүү шүүлтийн хориотой аргуудын жагсаалтад армийн хээрийн командлагчийн оруулаагүй байцаах бүх аргыг зөвшөөрсөн гэж үзэхийг санал болгожээ. Хоёр дахь захидал нь Бондын захидалд дурдсан хориотой аргуудын жагсаалтын тухай хуулийн төсөл аж.

“WikiLeaks” цахим хуудас мөн 2008 онд бөглөсөн Бреннаны намтар бүхий анкетыг, Мэдээллийн баазыг боловсруулах тендерт ялагдаж магадгүйтэй холбоотой ТТГ болон “The Analysis Corporation” компанийн хоорондох хууль, эрх зүйн маргааны талаар мэдээлж, АНУ-ын Нягтлан бодох бүртгэлийн танхимд илгээсэн ТТГ-ын факсыг нийтэлжээ.  

Барак Обамаг 2008 оны сонгуульд ялсны дараа Жон Бреннан түүний үндэсний аюулгүй байдал болон терроризмтой тэмцэх асуудал хариуцсан зөвлөх болсон бөгөөд 2013 онд ТТГ-ын тэргүүн болсон билээ.

АНУ-ын ТТГ-ын дарга Жон Бреннаны цахим шууданг хэсэгчлэн хакердсан тухай мэдээлэл хэвлэлүүдэд урьд нь гарсан юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ