Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Замын-Үүд суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-30 12:53:26

Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр албаны хүмүүсийн хамт энэ оны гуравдугаар сарын 25-26-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдаж буй эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав.

Чөлөөт бүсэд хийгдсэн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын талаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан  тодорхой мэдээлэл өгсөн байна.

Чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд БНХАУ-ын 58.8 сая долларын хөнгөлөлттэй  зээлээр  дулааны станц, цахилгаан хангамж, усан хангамж ариутгах татуурга, авто замын бүтээн  байгуулалтыг хийж дууссан аж.

Салбарын сайдын хувьд тэрээр дулааны станц, ариутгах татуурга, цахилгаан хангамж зэрэг томоохон бүтээн байгуулалтын ашиглалтын асуудлыг сум биш Чөлөөт  бүс хариуцах, чөлөөт бүсэд баригдах суурьшлын бүсийг  сумын ерөнхий төлөвлөлттэй нийцүүлэн  орон нутгаас хариуцаж ажиллах  нь чухал гэдгийг онцолсон байна.

Мөн чөлөөт бүсэд цаашид хийгдэх бүтээн байгуулалт, газар олголт, хөрөнгө оруулагчдыг  татах зэрэг асуудлаар албаныхан санал солилцжээ.

Мөн Замын-Үүд суманд  гурван жилийн өмнө суурийг нь цутгаад орхисон спорт цогцолборын барилгын гүйцэтгэгч, эзэн холбогдогчийг  хууль хяналтын байгууллагаар шалгуулах, ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөнөөс гадна тус суманд баригдах авто вокзалыг концессоор бүтээн байгуулах асуудлыг ярилцсан аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ