“Хүний эрхийн төлөө хамтдаа” аян гараанаас гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2017-04-20 11:56:19
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комиссын Сэлэнгэ аймаг дахь салбараас хамтран “Хүний эрхийн төлөө хамтдаа” аяныг санаачлан зохион байгуулахаар өчигдөр буюу 18-ны өдөр нээлтээ хийлээ. Тус аяны гарааг Сүхбаатар сумын ЗДТГ, Шүүхийн шинжилгээний алба, аймгийн Цагдаагийн газраас эхлүүлж “Хүний эрхийн төлөө хамтдаа” аяны туг болон шаардлагатай гарын авлагыг гардаж авлаа.
Аяныг энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл аймгийн 17 сумдын Засаг даргын тамгын газар, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжүүлэн ажиллах юм. Тус аянд оролцогч байгууллагууд хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх арга хэмжээний 2015-2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан тухайн байгууллагад болон нийтэд хамаарал бүхий ажил арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Тодруулбал байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, дотоод дүрэм журамдаа жендерийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах. Мөн хүний эрхийн булан самбар ажиллуулах, иргэдээс хүний эрхийн зөрчлийн асуудлаар санал асуулга авах, судлах замаар хүний эрхийг хангасан шинэлэг үр дүнтэй ажил, арга хэмжээг зохион байгуулах ажээ.
Түүнчлэн сумдын Засаг дарга нар нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг хүний эрхийг хангах ажилд татан оролцуулах, хамтран ажиллах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна. 
Ч.Отгонцэцэг 
Холбоотой мэдээ