45100 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-02 16:19:35
Дорноговь /МОНЦАМЭ/.  Энэ оны зургадугаар сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн бэлтгэл ажлын талаар аймгийн Сонгуулийн хорооны дарга У.Ганбаатараас тодрууллаа. Тус аймгийн Сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бол 14 сумын Сонгуулийн хороонд 74 хүн ажиллаж буй.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороотой хамтран сумын Сонгуулийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн даамлуудад шаардлагатай сургалтыг зохион байгуулснаас гадна аймгийн хэмжээнд нийт 60 санал авах байрыг тавдугаар сарын 27-ноос бэлтгэж эхэлжээ. Дорноговь аймгийн хэмжээнд  урьдчилсан байдлаар 45100 орчим сонгогч санал өгөх аж.
Албаныхан саналын хуудсыг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө хууль хяналтын байгууллагын оролцоотойгоор Улаанбаатар хотоос авчирч сумын Сонгуулийн хороодод хүргэнэ. Харин намууд Сонгуулийн ерөнхий хорооноос менежерийнхээ үнэмлэхийг, аймгийн Сонгуулийн хорооноос шадар туслагчийнхаа үнэмлэхийг, сумын Сонгуулийн хорооноос ухуулагчийнхаа үнэмлэхийг  хуулийн дагуу тус тус хүлээн авах ёстой аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ