Байдрагийн гүүр хүртэлх автозамын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-16 11:42:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор тусгасны нэг болох Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын ажил албан ёсоор эхэллээ.

Тус авто замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шанхай Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монголын “Их Монгол”, “Их Богд Зам”, “Ди Ар Жэй”, “Төгс Зам” ХХК шалгарсан байна. Хоёр жилийн хугацаанд тавигдах замын ажилд 700 хүн ажиллахын 70 хувь нь монгол ажилчид байх бөгөөд эдгээр компаниуд авто замын барилгын бэлтгэл ажлыг хангах хүрээнд нүүлгэн шилжүүлэлт, кэмп байгуулах, хэмжилтийн ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа аж.
Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам нь 7 метрийн өргөн, 6 см-ийн зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй, 3 дугаар зэрэглэлийн автозам болох юм.  

Тус зам ашиглалтад орсноор Байдрагийн гүүр хүртэл зорчих орон нутгийн иргэд болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн ард иргэд, тийшээ зорчигсод тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэнэ. Мөн тус аймгуудыг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж тухайн бүс нутгийн эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой аж.

Тус авто замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын “Шанхай Констракшн Групп” ХХК нь Монгол Улстай 10 жилийн хугацаанд хамтран ажиллаж “Буянт Ухаа” цогцолбор, Ховдын Дөргөний усан цахилгаан станц зэргийг барьж байгуулжээ. 60 жилийн түүхтэй тус компани дэлхийд 100 гаруй том бүтээн байгуулалт хийсэн туршлагатай юм байна.

                                                                                                                       Б.Мөнхзул

 
Холбоотой мэдээ