Хэт хуурайшилтаас шалтгаалан ой хээрийн түймэр буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-21 14:36:23
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил найман удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдэж байсан бол энэ жил 13 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдэж өнгөрсөн жилийнхээс өсөв.
Өмнө нь 2002 онд тохиолдож байсан шиг хэт хуурайшилт дахин давтагдаж нийт нутгаар хэт их хуурайшилттай, гантай байна гэж аймгийн ОБГ-аас мэдээлэв.

Ойд аялах зугаалахыг хориглсон үед байгалийн дагалдах баялаг ашиглах гэсэн хүмүүсийн буруутай үйлдлээс дөрвөн удаагийн ой хээрийн түймэр гарсан бөгөөд томоохон түймрүүд хөвчийн гүн рүү ороод байсан нь өчигдрийн борооноор унтарсан гэж аймгийн Онгой байдлын газрын дарга Н.Төмөрбаатар хэллээ.

Тэрээр, “Байгаль цаг уурын хэт дулаарлын улмаас хангайн хөвчид энэ байдал хүчтэй нөлөө үзүүлж байна. Саяхан Мөнгөнморьт сумын Шороотын даваанд гарсан түймэр унтраахаар очиход гол булаг шандууд ширгэсэн, ургамал ногоонууд хатаж хувхайрсан байдалтай байсан. Шороотын даваа руу өмнө хоёр хоног явж очдог байсан бол энэ жил шавар шалбаагууд бүгд хатчихсан хоёр цаг яваад хүрч байгаа” гэв.

Ойд аялал зугаалгаар явах, байгалийн дагалдах баялаг ашиглах зэргийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс шат шатны байгууллагын захирамжуудаар хориглосон. Иймд иргэд өөрсдийн дураар ойн гүн, хөвчид хоноглож явахгүй байх, ил гал алдах, тамхи иш, шил зэргийг орхиж явахгүй байхыг албаныхан анхааруулав. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ