Ерөнхийлөгчийн анхны сонгуульд Дундговийн сонгогчдын 95 хувь нь санал өгч байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-26 14:27:03
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн сонгогчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудад хэр идэвхтэй саналаа өгч байсныг энэ өдөр эргэн харъя.
1993 оны анхны сонгуульд Дундговь аймгийн 24 мянга 821 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдэж, 23 мянга 598 нь буюу 95.07 хувь нь саналаа өгч байсан нь төрийн тэргүүнээ сонгох үе үеийн сонгуулийн хамгийн өндөр идэвхтэй нь болсон байна. Түүнээс хойш 2005 оны сонгуулийг эс тооцвол бусдад нь нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоо нэмэгдэж, харин саналаа өгсөн сонгогчийн тоо буурч иржээ.
1997 оны хоёр дахь сонгуульд  22 мянга 808 сонгогч саналаа өгч сонгогчдын 89.26 хувь, 2001 онд 22 мянга 13 мянга буюу сонгогчдын 84.97 хувь, 2005 онд 18 мянга 535 буюу сонгогчдын 77.89 хувь, 2009 онд 18 мянга 378 буюу сонгогчдын 72.59 хувь нь саналаа өгч байсан бол хамгийн сүүлд 2013 оны сонгуулиар 17 мянга 571 сонгогч санал өгсөн нь 63.26 хувь болсон байна.
2005 онд нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоо 23 мянга 795 байсан нь үе үеийн сонгуулиудаас хамгийн цөөн нь, харин 2013 оны сонгууль сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн 27 мянга 760 сонгогчтой, урьд урьдынхаас сонгогчийн тоогоор хамгийн өндөр нь байжээ. Гэхдээ саналаа өгсөн хамгийн цөөн сонгогчтой сонгууль нь 2013 оных болсон байна.
1993, 2001, 2013 оны сонгуулийн санал хураалтаар хүчингүй саналын хуудас гараагүй, сонгогчид саналын тэмдэглэгээ хийхдээ хариуцлагатай хандаж байсан нь харагдаж байгаа юм.
Энэ жилийн сонгуулийн тухайд сонгогчийн нэрсийн жагсаалтад 29 мянга 275 сонгогчийн нэрс бичигдэн, саналаа өгч байна.
 
Т. Отгонтуяа 
 
 
Холбоотой мэдээ