Цахилгааны шугамын тулгуур баганыг засахад шаардлагатай тоног төхөөрөмжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-29 14:44:43
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  Өчигдөр орой орсон хүчтэй аадар бороо, салхины улмаас Орхон аймагт 26 айлын гэр, дээвэр, 20 гаруй хашаа нурж, нэг айл усанд автаж,  400 гаруй бог мал хорогдож баруун аймгуудыг цахилгаанаар хангадаг 13 тулгуур багана нуржээ.
Хүчтэй аадар бороо, мөндөр  Эрдэнэ багийн баруун хэсэг болон “Оросын булаг” орчимд их хэмжээгээр орсон тул тухайн газар байгалийн гамшигт ихэд өртсөн юм. Аймгийн Онцгой байдлын газар 6 сарын 28-ны 22 цаг 21 минутад “Оросын булаг орчим аадар борооны улмаас замын хажуу руу орчихлоо” гэсэн анхны дуудлагын дагуу очиж ажиллажээ. Мөн хоёр хүүхэдтэйгээ машинаар зорчиж байсан эмэгтэйд яаралтай тусалж аюулгүй болгожээ. Тухайн шөнө ОБГ-ын 4 машин 21 албан хаагч ажилласан байна. Өглөө үүрээр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан баг Эрдэнэ багт очиж яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна.
Одоогийн байдлаар ОБГ-ын 50, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 50, Цэргийн дүйцүүлэх цэргийн 20 албан хаагч гамшигт өртсөн айл өрхийн хашаа, гэрийг босгох,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт-Ус ДТС”, “Эрдэнэт Булганы ЦТС” зэрэг компаниуд баруун аймгуудыг цахилгаанаар хангадаг 110 кВт өндөр хүчдэлийн 13 баганыг сэргээн засварлахаар ажиллаж байна.
Эдгээр нөхцөл байдалтай танилцсаны дараа аймгийн Засаг дарга Д.Батлут “Аймгийн онцгой комисс”-ыг яаралтай хуралдуулж, хохирлын хэмжээг нэг бүрчлэн гаргах, сэргээн босгох ажлыг ОБГ, 186 зэрэг хүчний байгууллагад үүрэг болголоо. Мөн гүүрэн гарц хийх болон 13 баганыг сэргээн засварлахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжийг  “Эрдэнэт үйлдвэр” ХХК гаргахыг үүрэг болгосон юм.  Түүнчлэн баруун таван аймаг цахилгаангүй байгаа тул сэргээн босгох ажлыг яаралтай хийж гүйцэтгэхийг “Аймгийн онцгой комисс”-ын гишүүдэд анхаарууллаа. Өчигдөр өдөр Баян-Өндөр суманд 29, Жаргалант суманд 31 хэмийн халуун байсан бөгөөд орой бороо орох үед  салхи 13 м/с хүртэл ширүүсч,  мөндөр орсон байна.
Б.Оюун-Эрдэнэ

 
Холбоотой мэдээ