Хабитатын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил 70 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 17:43:52

Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 онд Дархан-Уул аймагт хийгдсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцах ажил үргэлжилж байна.

Энэ удаа Дархан сумын 15 дугаар багийн нутаг Хабитат хорооллын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцав. “Тус цэцэрлэг анх УГТЭШХ-ийн хажууд шав тавьсан ч байршил нь өөрчлөгдөж “Хүслийн хотхон”-ы зүүн талд баригдаж эхэлсэн байна. Тус цэцэрлэгийн байршил бүсчлэлийн дотор өөрчлөгдсөн учраас төлөвлөлт алдагдаж Мангиртаас холдсон зүйл байхгүй” гэж ерөнхий архитектор Д.Элдэвсайхан хэлэв. Хабитат хорооллын хүүхдүүд хотын төв рүү буюу шинэ хорооллын цэцэрлэг, сургуульд хамрагддаг. Уг цэцэрлэгийн хуучин байршилд дэд бүтцийн асуудал нь шийдэгдэх үед дахин шинээр 100 хүүхдийн цэцэрлэг барихаар зураг төсөв хийгджээ. Тус багийн Мангирт, Хабитат чиглэлийн хүүхдүүдэд зориулсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Жинсийн орой” компани тендерт шалгарч ажлаа эхлүүлжээ. 12*33 хэмжээтэй хоёр давхар цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болох 1 тэрбум төгрөгөөр барьж байна. Барилгын ажил одоогийн байдлаар 60-70 хувийн гүйцэтгэлтэй.  Барилгын ажил нь өнгөрсөн  есдүгээр сарын долоонд эхэлж 11 сарын 27-ны өдөр дуусгахаар төлөвлөжээ. Гүйцэтгэгч компанийн хэлж байгаагаар 12 сарын 5 гэхэд хүлээлгэж өгнө гэдгээ аймгийн Засаг даргад танилцууллаа.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ