Монгол нэхийг шинэлэг материал, загвараар дэлхийн зах зээлд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-04 17:02:25

Загвар муутай, хүнд, зузаан гэж "гоочлуулдаг" монгол нэхийг тансаг хилэн болгожээ.

Энэ талаар "Дархан минж" ХХК-ийн захирал Б.Баянжаргал, МАШҮХ-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, дизайнер Ариунаа Сүри нар мэдээллээ.

“Дархан минж” ХХК,  дизайнер Ариунаа Сүритэй хамтран “Snow 2016” загварын шоуг зохион байгуулах гэж байна. Уг шоугаар хонины нэхийг боловрсуулах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснийг харуулж, нэхий бүтээгдэхүүний шинэ коллекцийг танилцуулах аж.

“Дархан минж” ХХК, Европын “Stahl”, “Sarchem”, Хятадын “Fambo” зэрэг компанитай  хамтран монгол хонины нэхийг боловсруулах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр олон үе шаттай туршилт судалгаа явуулжээ.Судалгааны үр дүнд монгол нэхийний талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж, өмсөхөд хүнд гэгддэг нэхийг хөнгөн зөөлөн, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн болгож чадсан байна. 

“ARIUNAA SURI" брэнд энэ удаагийн загварын сэдвээр “Мазаалай баавгай”-г онцлон, тоо толгой нь 22-хон болтлоо цөөрөөд байгаа ховор амьтныг хайрлаж, хамгаалж, өсгөж үржүүлэх боломжийг бий болгоход олныг хамруулахыг уриалан сонгожээ.

Энэхүү шинэ брэндийн танилцуулгыг энэ сарын 14-нд “Crocus Event Hall”-д энтертайнмент хэлбэрээр зохион байгуулна. 

Мөнгөн өвлийн орчинд байгаа мэт мэдрэмж төрүүлэх, өмсөхөд хүнд байсан нэхий ямар уян зөөлөн болсныг харуулах сонирхолтой тайз засахаар төлөвлөжээ.

Шоунд Европоос BAZAAR, ELLE, VOGUE гэх мэт загварын сэтгүүлийн нүүр царай болж олон улсад хэдийнээ танил болсон загвар өмсөгчид урилгаар хүрэлцэн ирж оролцох аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ