Малын гоц халдварт өвчний тархалт их байгааг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-11-06 11:22:01

Улсын хэмжээнд энэ оны 10 дугаар сарын байдлаар мал, амьтны гоц халдварт гурван төрлийн өвчин 20 удаа гарчээ.

Үүний гурав нь шүлхий, 16 нь хонины цэцэг, нэг нь гахайн мялзан байжээ.

Мөн халдварт найман төрлийн өвчний 155 тохиолдол гарч 20 аймагт давхардсан тоогоор 140 суманд 170 гаралт бүртгэгджээ. Тухайлбал, Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний дөрөв, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг, Баян Өлгий аймгийн Алтай суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт гарсан шүлхийгээр 19 өрхийн 18 үхэр, 62 хонь, 10 ямаа, нийт 90 мал өвчлөөд байна. Нэгдүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 89 мянга гаруй малыг хамруулжээ. Хоёрдугаар ээлжийн тарилга энэ сарын 1-нээс эхлээд байна.    

Энэ онд нийт 3.0 сая тун вакцин худалдан авч эхний хэсгээр нь зургаан аймгийн 43 сумын давхардсан тоогоор 3.4 сая толгой малыг вакцинжуулжээ. Энэ сарын эхний долоо хоногт багтаан гурван аймгийн 25 сумын 2.5 толгой малыг вакцинжуулж дуусахаар ажиллаж байгаа аж.  Цаашид малын гоц халдварт болон халдварт өвчний тархалт тэлэх эрсдэл өндөр байгаа тул вакцин, эм, зүү тариур, ариутгалын бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, өвчний голомтод ажиллаж байгаа хүмүүсийг дулаан хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байгааг МХЕГ-аас зөвлөж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ