"Сэтгэлийн сэжүүр"- ийн "өлгийг задлав"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-21 17:33:27
Дундговь /МОНЦАМЭ/. Гуч гаруй жил шүлэг тэрлэсэн хөдөөгийн нэгэн яруу найрагч өврийн дэвтрээ уудалж,  шүлгийн анхны номоо хэвлүүлжээ. Найрагч нөхөд нь түүний номын өлгийг задалж, уншигчдад өргөн барих хүндэтгэлийг аймгийн төв номын санд зохион байгуулав.

Яруу найрагч Х. Энхтөр Дундговь аймгийн Говь- Угтаал сумынх. Цэргээс халагдаж ирдэг жилээ анх шүлэг тэрлэж, тэр цаг мөчөөс яруу найрагт шимтэж амьдарсан хэдий ч ном хэвлүүлэх тухай бодол төдийлөн төрөхгүй явсаар 50 насныхаа босгон дээр шүлгийн анхны номоо ийнхүү хэвлүүлж байгаа ажээ.  Үүний араас өгүүллэгийн номоо удахгүй гаргана гээд “Миний ээж 8 хүүхэд төрүүлсэн. Ээж маань бидэнд үлгэр их уншиж өгдөг, номонд хайртай, ном унших соёлоор хүмүүжүүлж өсгөсөн нь дүү, бид хоёрын шүлэгч байх үгийн цэц, найрагт дурлах оюуны гэгээ болсон гэж боддог” хэмээн сэтгэгдэл хуваалцсан юм. Тэрээр анхны номоо “Сэтгэлийн сэжүүр” хэмээн нэрлэжээ.

“Сэтгэлийн сэжүүр”- ийн тэргүүнд яруу найрагч, сэтгүүлч А. Лхагва “...Монголын билэгт найрагч Барнангийн Доржпалам түүний эцэг юм гэнэ билээ. Энхтөрийн шүлгүүд Палам найрагчийн шүлгийн агаар амьсгалтай заримдаа ойрхон санагддаг. Хольцоогүй монгол араншин, мөн чанар гэрэлтсэн, цэгцтэй, цэцтэй мөр бадгууд ундран урсдаг. Заримдаа ч хамаа намаагүй амаа булааж “авч давхисан” нь ч энэ номонд бас байна билээ... Талын хүний сэтгэл дэндүү уудам. Тэр л уудам сэтгэлийн сэжүүрт хүрээд анзаарч нэг чагнаарай”  хэмээн “Сэтгэлийн сэжүүр”- т  хөтлөх үгийг дайсан байна.

Дал гаруй шүлгээ багтаасан энэ номоо найрагч  бүх сумын номын санд бэлэглэсэн юм. Энэ номонд багтсан бүтээл хэн нэгний гараар бас дахин нэг бүтээл болохыг, тухайлбал, “Намуунаа”, “Нарангоо” дууль нь тайзны бүтээл болоосой, “Жаргалтай гэр бүл” нь аялгуу төгөлдөр дуу болоосой гэж хүсч байгаагаа тэрээр илэрхийлсэн юм.  

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ