Эмнэлгийн ажилтнууд шаардлагын хариу өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-10-04 15:16:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэхийг шаардсан цагаан жагсаал Ялалтын талбайд болж 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болон эмнэлгийн төлөөлөл оролцож дуу хоолойгоо Төр Засаг, УИХ-д сонордууллаа.
Жагсаалд 21 аймгийн 70 гаруй анхан шатны үйлдвэрчний хороодын 5 мянга гаруй хүн цуглажээ.  Төрийн эрх баригчдад энэ сарын 11-ний дотор хариу өгөх шаардлага тавьж “Хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол бид ажил хаялт зарлана” гэв.



Дорнод аймгийн эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооны дарга С.Оюунчимэг “Монгол орны эдийн засаг хүнд, ард иргэдийн амьдрал ядуу байгаа нь Засаг төрийн буруу. Бид ажлаа хийж байгаа ч ядуурлын эгнээнд шилжээд байна. Манай ажилчдын хамгийн доод цалин 300-400 мянга, харин сувилагч, эмч нарын цалин дээд тал нь 600-800 гаруй мянга байгаа нь амьдралд огтхон ч хүрэлцдэггүй. Тэдний олонхи нь орон сууцны, лизинг, цалингийн, хувийн зээлтэй учраас цалин аваад нэг ч төгрөг гар дээр үлдэхгүй байгаа. Хэрвээ бидний шаардлагыг биелүүлж цалинг 50 хувиар нэмээд өгөх юм бол жаахан ч гэсэн өндийх гээд байна” гэж байв. 

"Эмч нар өмнө нь жагсаал зохион байгуулсан бол өнөөдөр бүх аймгаас төлөөлөл ирж, төрийн эрх баригчдад дуу хоолойгоо нэгтгэн хүргэж байна.Үнэхээр бага цалинтай бидний амьдрал туйлдаад байна "хэмээн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дэд дарга Ч.Нарантуяа онцолсон.



Цагаан жагсаалд оролцогчид үйл ажиллагааны төгсгөлд замын хөдөлгөөнд саад учруулахгүй, зүлэг хайсгүй, явган хүний замаар жагсан, Төрийн ордныг тойрч эсэргүүцлээ илэрхийлж, шаардлагаа хүргэсэн юм. 21 аймгийн 50 гаруй эрүүл мэндийн байгууллагын 10 мянган эмнэлгийн ажилтан, эмч нар энэ үйлсэд нэгдэж, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2018 оны улсын төсвийг эсэргүүцэж, тэдний төлөөлөл тайван жагсаалг зохион байгуулсан юм.
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн нярав Ү.Алтанцэцэг, "Миний хувьд эрүүл мэндийн салбарт 30-аад жил ажиллаж байна. Гэтэл өнөөдөр 560 мянган төгрөгийн цалин авдаг. Би ардаа 6 ам бүл тэжээдэг. Цалин амьдрал ахуйд маань хүрэлцэхгүй байгаа учраас би жагсаалд оролцож байна. Удаа дараа жагсаж байгаа ч үр дүн гарахгүй л байна. Бидний тавьж буй шаардлагын хариуг өгөхгүй бол цаашид ажил хаях хүртэлх дараа дараагийн жагсаалд идэвхтэй оролцоно. Өнөөдрийн жагсаалд эмнэлгээ төлөөлөөд 30 гаруй эмч, ажилтнууд оролцож, дуу хоолойгоо нэгтгэж байна” гэв.
Жагсаалд оролцогчид, Монгол Улсын Засгийн газраас 2018 оны төсвийн төслийг өргөн барихдаа эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх талаар нэг ч төгрөг төсөвт тусгаагүйд Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Засгийн газраас төсвөө буцаан татахыг шаардаж байлаа.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ