Д.Трамп цөмийн хэлэлцээрээс өмнө Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг сэргээнэ гэж "сүрдүүлэв"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-14 10:20:08
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Иран болон дэлхийн зургаан гүрний хооронд 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрийг Тегеран дагаж мөрдөж байгаа гэж би нотлон хэлж чадахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп баасан гарагт Ирантай холбоотой асуудлаар мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Иран цөмийн хэлэлцээрийг бүрэн дагаж мөрдөхгүй байна. Тус улс цөмийн хэлэлцээрт тусгасан заалтуудыг зөрчиж байна. Тухайлбал, шинжээчдэд цэргийн байгууламжууддаа шалгалт хийх зөвшөөрөл өгөхгүй байна. Үүнээс үзвэл, Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэж байж болзошгүй. Мөн тус улсыг Умард Солонгостой цөмийн зэвсэгтэй холбоотой гэрээ байгуулсан байж магадгүй гэж олон хүн үзэж байна” гэжээ.

Иран улс цөмийн хэлэлцээрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг АНУ-ын Ерөнхийлөгч 90 хоног тутамд нотлон хэлэх ёстой юм. Хэрвээ Иран цөмийн хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй байна гэж Ерөнхийлөгч хэлбэл Тегераны эсрэг өмнө нь авсан байсан хориг арга хэмжээнүүдийг сэргээх асуудлыг Конгресс авч хэлэлцэх учиртай.

Ираны Хувьсгалт гвардын корпусыг террористуудыг дэмжиж, бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож байна гэж Д.Трамп мөн буруушааж, тус корпусын эсрэг хориг арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

Иран болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн улсаас гадна Герман улс 2015 онд Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай түүхэн хэлэлцээрийг байгуулсан юм. Үүний хариуд дэлхийн улс орнууд Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ цуцалсан билээ.

Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан энэ хэлэлцээрийг Д.Трамп “ямар ч үр ашиггүй хэлэлцээр” гэж шүүмжилж, тэр ч байтугай хэлэлцээрээс АНУ-ыг гаргана гэж “сүрдүүлж” байв.

Д.Трампын мэдэгдлийн дараа Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани мэдэгдэл хийхдээ “Олон улсын хэлэлцээрийг АНУ дангаараа хүчингүй болгож чадахгүй. Хэрвээ энэ хэлэлцээрээс АНУ гарвал өөрийгөө л олон улсын хамтын нийгэмлэгэээс тусгаарлах болно. Манай улс хэлэлцээрийг бүрэн дагаж мөрдсөөр байна” гэжээ.

Мөн Их Британи, Франц болон Германы удирдагчид өчигдөр хамтарсан мэдэгдэл хийхдээ “Энэ бол 13 жил дипломат хүчин чармайлт гаргасны дүнд байгуулсан ихээхэн чухал ач холбогдолтой хэлэлцээр” гэж онцлон тэмдэглэжээ. Энэ хэлэлцээрийг Иран бүрэн дагаж мөрдөж байгаа гэдгийг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ нэг бус удаа нотлон мэдэгдсэн гэж тэд мөн хэлсэн байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ