Тарьсан модны ургалт 84,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-16 17:08:03
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мод тарих өдрийн хүрээнд Баруун-Урт сумын хэмжээнд албан байгууллагууд түрүү жилийн тарьсан модонд цэнэг усалгаа хийх, орчин тойрны хогийг цэвэрлэх, хаягжуулах, мөн мэргэжлийн байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайн мод сөөгөнд нөхөн тарилт хийх зэрэг ажлууд хийгджээ.  Харин түрүү жилүүдэд тарьсан модны ургалт 84,9 хувьтай байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мод тарих үндэсний өдрийг жил бүр аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн цэнэг усалгааны ажилд Баруун-Урт сумын 93 байгууллага оролцох ёстойгоос 47 нь оролцлоо. Эд бол дандаа төрийн байгууллага. Харин хувийн хэвшлийнхэн ийм үйл ажиллагаанд оролцохдоо үнэхээр хайнга, сул байна. Өнгөрсөн жилүүдэд тарьсан моднуудын хувьд ургалт харилцан адилгүй байгаа. Энэ жилийн хувьд мал үнэхээр их байгаагаас тарьсан мод сөөгийг идэж, хугалж байна. Зөвхөн Баруун-Урт сумын 4,5 дугаар тойргийн замд гэхэд 1647 ширхэг мод гэмтсэн байна. Нөгөө талаар малаас гадна аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа холбоо муу байгаа нь мод гэмтэх бас нэг шалтгаан болж байгаа гэж хэлж болно. Тиймээс энэ жилийн хувьд мод тарих үндэсний өдрөөр тарьсан мод сөөгөө арчлах, хогийг нь цэвэрлэх, цэнэг усалгаа хийх ажлын хүрээнд ангарүүллээ. Харин хөдөө сумдууд бол мод тарьсан. Үүний нэгдсэн дүн мэдээлэл энэ сарын 25 гэхэд эцсийн байдлаар нэгтгэгдэнэ. Ер нь энэ жилийн мод тарилт 11 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилнэ...” хэмээн аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Борчулуун хэллээ.

Баруун-Урт суманд түрүү жилүүдэд нийтийн эзэмшлийн талбайд тарьсан 17742 ширхэг мод бий. Үүний 15071 мод хэвийн ургаж байгаа бол, 2671 ширхэг мод огт ургаагүй, нийт модны ургалт 84,9 хувьтай байна.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ