Н.Баяртсайхан:Эдийн засагт гарсан эерэг үзүүлэлтүүдийг бататгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunzaya@montsame.mn
2017-10-24 17:28:49
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Эдийн засгийг чиглүүлэгч мөнгөний бодлого хэр үр дүнтэй хэрэгжихээс шалтгаалан хямралыг даван туулах, цаашид өсөлт, хөгжил хэр хурдацтай болох вэ гэдэг нь тодорхойлогдоно. Тэгвэл ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичгийг УИХ-д өргөн бариад буй энэ цаг үед өнгөрсөн  жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын үр дүн, цаашдын эдийн засгийн төлөв байдал, Төвбанкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодрууллаа.

-Жилийн өмнө Монголын эдийн засаг амаргүй байлаа. Харин одоо эдийн засаг дефлиациас  ангижирч,  төлбөрийн тэнцэл ашигтай гарч, ханш харьцангуй тогтворжлоо. Гадаад валютын нөөц 1.6 тэрбум долларт хүрч, агшиж байсан эдийн засаг  5.3 хувийн өсөлтийг  үзүүлсэн гээд эерэг үзүүлэлтүүд эхнээсээ гарч байна. Эдийн засаг сайжрах үндсэн үзүүлэлт юу байв?

-Монгол Улсын эдийн засагт 2017 онд олон хүнд сорилттой тулгарсан. Монголбанкны хувьд, үндэсний мөнгөн тэмдэгт болон банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтынхоо хүрээнд шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Энэ үед УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, Төв банк болон Засгийн газрын бодлогын уялдаа, олон улсын байгууллагуудтай хийсэн хамтын ажиллагаа чухал нөлөө үзүүлсэн. Хамгийн түрүүнд саарсан эдийн засгийг тогтворжуулах замаар тогтвортой өсөлтийг хангахыг чухалчилсан. Эхний ээлжинд гуравдугаар сард төлөх байсан Хөгжлийн банкны бондын асуудлыг шийдэх, наймдугаар сард хугацаа нь дуусч байсан Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийг шийдвэрлэх асуудалтай тулгарсан. Хэрэв эдгээр өрийг дефолт болох эрсдлээс бүрэн сэргийлэхгүй бол улсын зээлжих зэрэглэл үргэлжлэн буурах, өмнө нь Монгол Улсад орж ирээд байсан гадаад эх үүсвэрүүд эргэн татагдах зэрэг огцом шок үүсэхтэй тулгарах байв. Түүнчлэн  гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын  эдийн засагт итгэх итгэл алдарснаар төгрөг үнэгүйдэх, цаашлаад энэ нь банк, санхүүгийн системийг  уналтад оруулах, эргээд эдийн засаг сэргэхийн тулд багагүй цаг хугацаа зарцуулах дүр зураг харагдаж байсан. Тиймээс богино хугацааны гадаад өр төлбөрүүдээ эдийн засагт хал балгүйгээр шийдвэрлсэн нь эдийн засагт итгэх итгэлийг сэргэхэд чухал нөлөө үзүүлсэн. Үүнтэй зэрэгцэн гадаад орчны байдал ч харьцангуй сайжирсан нь эдийн засгийг  дэмжсэн.

-Монголбанкны үндсэн үүрэг бол мөнгөний бодлогыг үр дүнтэй тодорхойлоход чиглэдэг. Та Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоо жил гаруй хугацаа үдлээ. Энэ хугацаанд Төвбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын онцлог нь юу байв?

-Миний бие өнгөрсөн жил гаруйн хугацаанд Монголбанкны бодлогын алдааг залруулахад гол анхаарлаа хандуулж ажиллалаа. Мөнгөний бодлого эдийн засагт тулгарсан хүндрэлийг хохирол багатай даван туулах, макро орчныг богино хугацаанд тогтворжуулах, цаашид тогтвортой өсөлтийг бий болгох нөхцлийг бүрдүүлэхэд чиглэв. Хэрэгжүүлсэн бодлогын хувьд багцлаад тайлбарлавал  үндсэндээ таван хэсэгт хувааж болох юм. Тухайлбал 10 хуулийн шинэчлэлийг багтаасан банкны салбарын хууль эрх зүйн  шинэчлэлийн хөтөлбөр, дундарч байсан гадаад валютын улсын нөөцийг нэмэх зорилт, эдийн засгийг сэргээхийн тулд ОУВС -гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрах бодлогын арга хэмжээ, эрүүл эдийн засгийн суурь болсон банк санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг сайжруулах цогц арга хэмжээ, Төвбанкны  дотоод үйл ажиллагааны шинэчлэл, санхүүгийн байдлыг сайжруулах алхам зэрэг ажил багтсан.

-Эдийн засаг  итгэл дээр тогтдог. Тэгвэл манай улсад хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” эдийн засагт итгэх итгэлийг  сэргээсэн гэдгийг олон хүн хэлж байгаа. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнг тодорхойлбол?

-Монгол Улсын эдийн засгийн эмзэг бүтэцээс эхлээд өнгөрсөн жилүүдийн макро бодлогын зарим оновчгүй сонголтууд, алдаа нь хямралын үед зөвхөн төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломжийг хумисан гэж хэлж болно. Гадаад өр, улсын төсөв, төлбөрийн тэнцэл, санхүүгийн системд тулгарсан эрсдлүүдийг зөвхөн дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн. Тиймээс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Монголбанк дэмжиж ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 2017-2020 онд баримтлах макро бодлогыг цогцоор нь тодорхойлж хэрэгжүүлэхээс гадна эдийн засгийн суурь тогтолцоо, институцийн өөрчлөлтүүдийг хийж байна. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын  макро эдийн засгийн бодлогод итгэх итгэлийг сэргээх, хамтын ажиллагаатай донор орнуудаас санхүүгийн дэмжлэг авч эдийн засгаа богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавихад нөлөөлсөн. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Бид зорьсон үр дүндээ хүрч, эдийн засгаа сэргээхэд энэхүү хөтөлбөрийн талаарх үнэн зөв ойлголт, олон нийтийн дэмжлэг чухал учраас хэрэгжилтийн явцыг нээлттэй, ил тод мэдээлж, тайлагнаж байна.

-Монгол банкны зүгээс цаашдын эдийн засгийн төлвийг хэрхэн дүгнэж байгаа вэ. Эерэг болон  эрсдлийн талаар та юу хэлэх вэ?

-2017 оны хувьд, дэлхийн эдийн засаг 2008 оны хямралаас хойшхи хамгийн сайн гүйцэтгэлтэй жил болж байна. Тухайлбал түүхий эдийн үнийн өсөлт эдийн засагт нэлээн дэмжлэг  үзүүллээ. Экспортын орлого сайжирч, төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал буурч, хөрөнгө ба санхүүгийн дансанд эерэг өөрчлөлтүүд гарснаар нийт тэнцэл сүүлийн дөрвөн жилд анх удаа ашигтай гарлаа. Улмаар гадаад валютын нөөц дээр ирэх дарамт буурч,  жилийн хугацаанд валютын нөөц  400 сая ам.доллараар нэмэгдсэн. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд бид онцгой анхаарч байгаа бөгөөд оны эцэс хүртэл дахин 200 сая ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Түүнчлэн, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд донор орнууд болон олон улсын санхүүгийн  байгууллагуудаас гадаад валютын том урсгал орж ирэх хүлээлт эдийн засагт  дэмжлэг үзүүлнэ. Нөгөөтэйгүүр дэлхийн эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн Төв банкууд хүүгээ аажим өсгөх,   баримталж ирсэн  зөөлөн бодлогоосоо алгуур гарах дохио өгөв.  Хөгжиж буй орнуудын хувьд энэ нь гадаад зах зээлээс хөрөнгө татах боломж буурах, түүхий эдийн үнийн хэлбэлзэл гэх мэт эрсдлүүд үүсгэх магадлал бий. Тэгэхээр, манай улсын хувьд, гадаад сектор дээр гарсан эдгээр эерэг өөрчлөлтүүд хэр удаан үргэлжлэх, цаашид эдийн засгийн бодит секторууд дээр бүрэн нөлөөллөө үзүүлтэл хэр их цаг хугацаа шаардах вэ гэдэг асуудал хурцаар тавигдана. Одоогоор нүүрсний салбар, тээвэр, худалдааны салбаруудад л сэргэлт ажиглагдаж эхэлсэн ч бусад салбарууд хараахан сэргээгүй, эмзэг байдал хэвээр байна. Иймд бид боломжийг алдах ёсгүй бөгөөд эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүдээ бататгах, цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэгт гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

- Ирэх жил хэрэгжүүлэх мөнгөний бодлогын  гол онцлог нь юу вэ?

-Төв банкны бодлого мэдээж үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтоо биелүүлэхэд чиглэнэ.  Энэ хүрээнд, эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлж, банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэн, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх орчныг бүрдүүлэхээр зорьж буй юм. Макро эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжрах хөрс бүрдсэн, гадаад эрэлт, түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалж байгаа энэ үеийг ашиглан бодлогын тогтвортой байдлыг хадгалж, шаардлагатай суурь шинэчлэлүүдийг хийх, эдийн засгийг тогтворжуулах нь чухал юм. Ирэх жил Төвбанкнаас хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын зорилтууд, тэдгээрийн үндэслэл тооцоог бид мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичигтээ тусгаж УИХ-д өргөн бариад байна. Мөнгөний бодлогын хувьд инфляцийг тогтворжуулах, ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй уян хатан тогтох зарчмыг баримтлах бодлого  үргэлжлэн хэрэгжинэ. Түүнчлэн, эдийн засгийг эрүүл байлгах үндсийг бэхжүүлэх үүднээс санхүүгийн секторт эрсдэл хуримтлахаас сэргийлж макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх зорилтыг тавиад буй юм.  Дээрх үндсэн чиглэл сүүлийн үед олон улсад төв банкуудын баримталж буй гол чиг хандлага болж байна. Мөн банкны хяналт, шалгалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн ажлууд ч үргэлжилнэ. Энэ нь нэг талаас Төвбанкыг илүү нээлттэй, ил тод байлгах, нөгөө талаар олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих замаар бодлогын үр дүнтэй байдлыг сайжруулах зорилтуудыг тусгаснаараа ач холбогдолтой боллоо.

-Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 10-аад хуулийг шинэчилнэ гэсэн. Үүнээс Төвбанкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт гол анхаарал татаж байгаа. Хуулийн төсөлд Төв банкны зорилгыг илүү тодорхой болгох, хараат бус байдлыг дээшлүүлэхийн зэрэгцээ засаглалыг сайжруулах асуудлыг тусгаж байгаа гэсэн. Энэ тухайд?

-Ер нь Төв банк хэр хариуцлагатай ажиллахаас эдийн засгийн нөхцөл байдал, улс орны ирээдүй шууд хамаарна. Монголбанк ажлаа хэр хариуцлагатай хийж чадах эсэх нь энэхүү институцийн зорилго анхнаасаа тодорхой байна уу, оновчтой шийдвэр гаргах засаглалын тогтолцоо бүрдсэн үү, үүнийгээ бие даасан байдлаар хэрэгжүүлж чадаж байна уу гэдэгтэй  холбоотой. Гэтэл олон судалгааны ажлын үр дүнгээр Монголбанкны бие даасан байдал “хангагдаагүй” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр, тогтолцооны шинж чанартай эдгээр суурь асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр Монголбанкны хариуцлагын талаар ярих нь учир дутагдалтай. Тиймээс үнийг тогтвортой байлган ард иргэдийн амьжиргааг хамгаалах, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, банк санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авдаг байхын тулд хуулийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Монголбанкны чиг үүргийг олон улсын жишигт нийцүүлэн нарийвчлан тодорхойлж, мөнгөний бодлогын зорилтыг дунд хугацаанд тогтвортой байхаар томъёолох, засаглалын тогтолцоог сайжруулах нь чухал.  Ингэхийн тулд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид уламжлан, УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. УИХ-ын гишүүд үүнд ажил хэрэгчээр дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичигт бодлогын ил тод байдлыг тусгайлан авч үзсэн нь шинэлэг бөгөөд анхаарал татсан заалт байсан. Монголбанк нэлээн нээлттэй болсон нь анзаарагдсан. Зарим хүмүүс Төвбанк нээлттэй байх ёсгүй гэдэг. Яагаад Монголбанк нээлттэй болов?

-Төв банк нээлттэй ил тод байх нь нэг талаар бодлогоо тайлбарлаж ойлгуулах, энэ нь эргээд хариуцлагыг сайжруулж, олон нийт Төвбанкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулдаг гэдэг нь олон улсад стандарт болчихсон чиг хандлага юм. Монголбанк ч энэхүү дэлхийн чиг хандлагаас хоцрох ёсгүй. Ялангуяа эдийн засаг сэргэх үү, үгүй юу гэдгийг шийдвэрлэх энэ эгзэгтэй цаг мөчид бодлогыг олон нийт үнэн зөвөөр ойлгох нь маш чухал. Ингэж байж хэрэгжилт үр дүнтэй болж, бид эдийн засагт тулгарсан асуудлаа амжилттай шийдвэрлэнэ. Аливаа бодлого шийдвэр олон нийтийн нүдэн дээр ил тод байх нь оновчгүй эсвэл буруу бодлого явуулбал шүүмжлээд засаад явах боломжийг олгож, алдаа гаргах нөхцлийг хаана. Ил тод байгаагүйгээс болж алдаатай бодлого удаан үргэлжилж, иргэд олон нийт аль өнгөрсөн хойно буюу эдийн засаг хүндэрсний дараа нуруун дээрээ хүнд ачаа үүрч байж л сая нэг ухаарах нь хүсэх зүйл огт биш. Тиймээс ирэх жил хэрэгжүүлэх мөнгөний бодлогын баримт бичигт бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг боловсронгуй болгох тухай зорилтыг тусгайлан оруулсан. Монголбанк сар бүр хэвлэлийн хурал зарлаж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ олон нийтэд нээлттэй тайлбарладаг боллоо.“Мөнгө, санхүү, баялаг” нэртэй академик сэтгүүл болон эдийн засгийг энгийнээр ойлгуулахад чиглэсэн “Монголбанкны мэдээлэл” хэвлэмэл товхимлуудыг эрхлэн гаргаж байна. Цахим орчинд мэдээллийг идэвхтэй түгээж байна. Төв банкнаас ажлын хэсэг томилогдон бүх аймгуудаар явж, орон нутагт иргэдэд эдийн засгийн мэдлэг олгох, мөнгөний бодлогын талаар лекц-семинаруудыг зохион байгууллаа. Улс орны ирээдүй болсон залуу хойч үед санхүү, эдийн засгийн суурь мэдлэг боловсрол олгох хөтөлбөр ч хэрэгжиж байна. Тэгэхээр, Төв банкны үйл ажиллагаа, бодлогыг ойлгодог, мэдлэгтэйгээр шүүн тунгаадаг, Төв банкиндаа итгэдэг байх нь мөнгөний бодлогын үр дүнтэй байдал, Монгол орны эдийн засгийн ирээдүйд маш чухал юм.
 
Б.Заяа 
Холбоотой мэдээ