Чандмань суманд бэлчээрийн даац бараг 10 дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-31 11:22:45
Ховд /МОНЦАМЭ/  Чандмань сумын нийт нутаг дэвсгэрийн зөвхөн 30 хувьд нь мал өвөлжих боломжтой харин үлдсэн 70 хувьд нь өвөлжилт  болон хаваржилт хийх ямар ч боломжгүй байна.  Тиймээс тус сумын нийт малчдын бараг  50 хувь нь гурван аймгийн 11 сумын нутагт  отроор өвөлжихөөр болжээ.

Чандмань сум нийтдээ 601,6 мянган га нутаг дэвсгэртэй, үүний 460 гаруй мянган га нь бэлчээрийн нутаг дэвсгэрт багтдаг байна. Энэ оны эхний хагас жилийн мал тооллогоор 410 мянган толгой мал тоолуулжээ. Тус суманд нэг хүнд ногдох болон нэг га-д ногдох малын тоо өндөр байгаа нь бэлчээрийн даацад онцгой нөлөөлж байгаа бөгөөд шинэчилсэн судалгаагаар тус суманд бэлчээрийн даац 9,8 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь өвөлжилт хүндрэх нэг гол шалтгаан болжээ.
Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, "Тогтвортой амьжиргаа-3" төслийн менежер Ж.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг Чандмань суманд ажиллан, сум орон нутаг, малчдын өвөлжилтийн бэлтгэл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлын талаар санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудын талаар ярилцлаа. 
                                                                                                                                                          А.Бямбасүрэн


 
Холбоотой мэдээ