Дарханы сэтгүүлчид хүрэл медальтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 22:08:35

“РИО-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжих уриан дор Улаанбаатар хотод болсон хэвлэл, мэдээллийн салбарын “Спортын их наадам-2015” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Дархан-Уул аймгийн сэтгүүлчдийн баг тамирчид орон нутгийн хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Уг тэмцээн Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит “Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн ордон”-д болсон байна. Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй найман баг цомын төлөө өрсөлдсөнөөс тус аймгийн сэтгүүлчдээс бүрдсэн эрэгтэй, эмэгтэй хоёр баг амжилттай оролцож эмэгтэй баг нь хүрэл медаль хүртсэн бол “NTV телевиз”-ийн баг түрүүлж “Монгол Ньюс”-ийн баг хоёрт оржээ. Эрэгтэй төрөлд “ETҮ телевиз”-ийн баг түрүүлж “Ардчилал” сонин хоёрт орж “SBS “-ийн баг тамирчид гуравдугаар байр эзэлсэн байна. Мөн үеэр “Монголын шигшээ баг”-ийн тамирчдын баг, “Сэтгүүлчдийн нэгдсэн баг”, Телевиз, радио, сонин, сайтын төлөөллийн багууд нөхөрсөг тоглолт хийжээ. Түүнчлэн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, “Сэтгүүлч форум” ТББ зэрэг байгууллагууд хамтарч тэмцээний ерөнхий зохион байгууллагчаар ажилласан бол “Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн ордон” зохион байгууллагчаар, Монголын Үндэсний спортын цогцолбор, “Нирун” мэдээлийн сайт дэмжигч байгууллагаар тус тус ажиллажээ.

Аймгийн Сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн багийн гишүүн Л.Отгонбаатар:-“Манай сэтгүүлчдийн багийг тус тэмцээнд амжилттай оролцоход дэмжлэг үзүүлсэн аймгийн ЗДТГ, Мэдээлэл Технологийн алба, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, “Оюуны-Ирээдүй” цогцолбор, нэгдүгээр сургууль, “Шинэ Амьдрал” ТББ зэрэг байгууллага, хамт олонд талархал илэрхийлье” гэв.

                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ