ТОЙМ: Эдийн засгийг эерэгээр төсөөлсөн төсөв, мөнгөний бодлого ирэх онд хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-20 01:57:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан багш нарын ажил хаялтаар эхэлсэн өнгөрөгч долоо хоног улс төрийн хүрээн дэх ноцтой сэдэв бүхий маргаанаар үргэлжилж, дэлхийн шилдэг 15 гоо бүсгүйн нэгээр шалгарсан Монгол бүсгүйн амжилт, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт эрхмийг тодруулсан Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”- өндөрлөлөө. Үүнээс гадна ирэх 2018 онд улс орны санхүү, хөрөнгийн "түрийвч" болох Төсөв, төрөөс ирэх онд баримтлах Мөнгөний бодлогыг УИХ эцэслэн батлав.  Төсөв, санхүүгийн суурь баримт бичгүүдээс харахад ирэх онд улсын эдийн засаг сэргэж, өсөлттэй, орлоготой байх өөдрөг төсөөлөл гарч байна.Ингээд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 
 


“ХУГАЦААГҮЙ” ХЭМЭЭН ТОДОТГОСОН АЖИЛ ХАЯЛТЫН ЗОРИЛГО ЮУ БАЙВ?

Өнгөрөгч наймдугаар сард эхэлсэн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагуудын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх тэмцэл даваа гарагт “хугацаагүй” хэмээн тодотгосон ажил хаялтад хүрэв. Тодруулбал БШУ-ны ҮЭХ-ноос ажил хаялт зохион байгуулж, 78 сургууль, 120 цэцэрлэг болон шинжлэх ухааны салбарын 10 гаруй байгууллага нэгдлээ. Цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан багш нар хүүхдүүдээ хүлээн авахгүйгээ мэдэгдэн, анги танхимдаа ажил хаялт зохион байгуулсан нь олон эцэг эхийг бухимдуулсан гэхэд болно. Багш нарын үнэлэмжийг нэмэгдүүлэх, ачаалал, ур чадварт нь таарсан цалин урамшуулал олгохыг шаардлах нь зүй ёсны хэрэг боловч улсын төсвийн боломж бололцоонд тохируулан 2017 онд 516 мянга, ирэх онд цалингийн 45 хүртэл хувийн урамшуулал олгох Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй дахин ажил хаясан нь ийн бухимдал дагуулсан юм. Бодит орлогыг нэмэгдүүлэх ийн шийдвэр гаргаж, урамшуулал олгох журмыг цөөлж, тэгш шударга олгох боломж бүрдүүлэх шийд гарсаар байтал ажил хаясны цаад зорилгод  иргэд эргэлзэхэд хүрсэн. Зарим нэг улс төрийн хүчний санхүүжилтээр ийм үйл ажиллагаа зохион байгуулж, төрийг "шантаажилж" байгаа гэх хардлага ч энэ үеэр гарсан. Харин даваа гарагийн үдээс хойш Засгийн газар ажил хаясан багш нар, Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч дахин хэлэлцэж, тохиролцоонд хүрснээр ажил хаялт нэг өдөр үргэлжлээд зогссон юм. /Гурван сарын турш өрнөсөн уг тэмцлийн сэдвээр тоймыг дараах http://montsame.mn/read/72224  холбоосоор уншина уу/



ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ 4,2 ХУВИАР ТООЦСОН ӨӨДРӨГ ТӨСӨВ БАТАЛЛАА

Эдийн засгийн өсөлтийг 4,2 хувьтай байхаар төсөөлж, 7,2 их наяд төгрөгийн орлого, 9,6 их наяд төгрөгийн зарлага, 2,4 их наяд төгрөгийн алдагдалтай 2018 оны улсын төсвийг өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Төсвийн алдагдлыг 2.4 хувьтай баталсанд сөрөг хүчин болон зарим улс төрч, эдийн засагчдын шүүмжлэлийг дагуулсан ч 2017 онтой харьцуулбал буурсан үзүүлэлт гарч буйг Сангийн сайд онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл 2017 онд төсвийн алдагдал ДНБ-д эзлэх хувь 9,5 хувь байсан бол ирэх онд 8 хувь руу орж буурах аж.

Төсвийг хангалтай сайн “нухах” хугацаа байгаагүй ч бодлоготой, хэд хэдэн давуу тал, онцлогтой төсөв баталж чадсаныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн онцолж байсан юм. Тухайлбал, төсвийн орлого талдаа учирч болзошгүй эрсдлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, орлогын бааз суурийг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллажээ. Газар, лицензийн харилцааны зохицуулалт буюу лицензийн арилжаа наймаа, бэлэглэх, шилжүүлэх зэрэг асуудлыг хумьж, нээлттэй ил тод болгосноор улсын төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого орно гэж тооцсон.

Хэдий ОУВС-гийн хөтөлбөрт хамарч, цалин, тэтгэвэр нэмэхгүй, “бүсээ чангалах” шаардлагатай нөхцөлд байгаа ч зарлага талдаа нийгэмд чиглэсэн хэд хэдэн томоохон хөтөлбөр, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр төсөвт тусгасан. “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Цалинтай ээж”, “Боловсролын зээлийн сан”, “Хүүхдийн мөнгө” зэрэг хөтөлбөрийг шинээр болон үргэлжлүүлэн санхүүжүүлж, тэтгэврийн хэмжээг инфляцитай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгох, ажилгүйдлийг багасгах, хөдөөгийн хөгжил, бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх үүднээс нэг аймагт дунджаар 7 тэрбум төгрөг буюу нийт 147,5 тэрбум төгрөг хуваарилах, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн барилгын санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэж, эхний ээлжид 10 тэрбум төгрөг төсөвлөх зэрэг санхүүжилт тусаад байна. Мөн эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг төсөвлөж, Эрүүл мэндийн даатгалын санг бие даалган, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар хөнгөлөх, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлэх ба өндөр өртөгтэй мэс засал болон бусад эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн насыг 5 насаар урагшлуулах шийдвэрийг хэрэгжүүлэх зэрэг санхүүжилт ирэх оны Төсөвт туслаа.


 
Б.ХУРЦЫН "ХУРЦ" ҮГС МОНГОЛ УЛСЫН ГАДААД НЭР ХҮНДЭД ХАЛДАХ ДӨХӨВ ҮҮ?  
 
Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Батын Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг УИХ хэлэлцэж эхэлсэн нь өнгөрөгч долоо хоногийн “халуун” сэдвүүдийн нэг байв. Элчингийн томилгооны асуудал урд өмнө ийм хурцадмал хэмжээнд өрнөж, олон нийтийн анхаарлыг  татах хэмжээнд төдийлөн хүрч байгаагүй. Тодруулбал Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр тэрбээр ноцтой үг хэлсний дотор олон улсын харилцаанд сэв суулгаж, Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх агуулга бүхий мэдээлэл ч багтсан юм. ТЕГ-ын дарга асан Б.Хурц Монгол Улс БНАСАУ-д зэвсэг наймаалсан гэх асуудлаар үг хэлэхдээ "УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг зарсан. Сая 6 дугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан" гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Л.Болд "Шүүмжилсний төлөө ингэж улаан цайм  гүтгэж, нэр төрд халдаж байна. Энэ сэдвээр зөв мэдээлэл өгч, засахгүй бол маш буруу мэдээлэл ойлголт гарч байна. Монгол Улс БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн зүйл огт байхгүй. Юу болсон бэ гэвэл, хэдэн монголчууд ОХУ-ын иргэдтэй нийлээд Монголын аливаа зэвсэглэлд хэрэглэж байсан, актлагдсан зүйлсийг ОХУ-д буцааж борлуулахаар 300 мянган ам.долларын гэрээ хийсэн байсан. Намайг сайд болох үед дамжиж ирсэн асуудал. Сайдаар томилогдох үед зөвлөлийн хурлаар ороод ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас албан ёсны зөвшөөрөл ирвэл хэрэггүй актлагдсан зүйлсийг ОХУ-д буцааж зарах болсон. Гэтэл дараа нь НҮБ-аас "Танай улс ОХУ-аар дамжуулан Хойд Солонгост материал зарах оролдлого  хийж байна" гэсэн мэдэгдэл ирсэн. Дараа нь БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас ирж уулзаад, танайхаас тодорхой төлбөр төлөөд материал авъя гэхэд нь "Ийм зүйл байхгүй" гээд хуулийн байгууллагад шилжүүлж байсан. Гэрээ байгуулсан хүмүүс нь тухайн үед хуулийн зохих хариуцлагаа хүлээсэн. Тэгэхэд үүнийг зэвсэг зарсан мэт буруу ойлголт төрүүлэхээр хэлж байна. Хоёрт 300.000 ам.долларыг БХЯ ОХУ-ын байгууллагаас аваад ОХУ-ын байгууллагад нь тоо ёсоор нь буцааж төлсөн. Энэ бол залилангийн хэрэг байсан. Ямар нэгэн байдлаар Хойд Солонгостой зэвсэг наймаалсан, манай улсаас болж хүн цаазлуулсан асуудал огт байхгүй гэдгийг дахиад хэлье" гэж тайлбар юм. Тэрбээр энэ асуудалд албан ёсоор тайлбар хийхгүй бол Монгол Улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, цаашлаад НҮБ-ын хоригт орох эрсдэл бий гэдгийг онцлон тодотгож байв. 

УИХ-ын хариуцлагатай микрофоны араас улсын гадаад нэр хүндэд халдаж болохуйц мэдээлэл хийсэн хэмээн шүүмжлэгдсэн Б.Хурцыг мөн гишүүдийн нэр хүндэд санаатай халдсан, төрийг "басамжилсан" хэмээн буруутгасан. Тодруулбал тэрбээр байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд болон Ж.Батзандангийн асуултад хариулахдаа "Би үргэлжлүүлээд яриад байх уу? Нээлттэй сайхан ярилцъя л даа. Би хариулчих уу? Яах уу" гэх мэт үг хэлсэн нь УИХ-ын гишүүдийг даажигнасан, цаашлаад төрийг "шантаажилсан", сүрдүүлсэн гэх шүүмжлэлийн бай болгосон юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Монголын тусгай алба хяналтаас гарлаа. Улстөрийн илэрхий үйл ажиллагаа явуулдаг боллоо. Ойрын үед гишүүдийг яаж айлган сүрдүүлж, танхайрч, нууц, мөн үндэслэлгүй мэдээллийг цацаж байна. Ийм асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор шийдэх ёстой. Бүр шаардлагатай бол байнгын хорооны статустай болгоод, гишүүдийн тоог нь нэм" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйтэй байх ёстой. Б.Хурц "Үргэлжлүүлэх үү?" гээд байна. Үргэлжлүүлье л дээ, юунаас нь айгаад байгаа юм. Үнэнийг мэдэж байж Монголын төр цэвэршинэ” гэх зэргээр бухимдлаа илэрхийлцгээж байв. Ямартаа ч гишүүдийн нэр хүндэд халдаж, гүтгэсэн, төрийн "шантаажилсан" зэргээс гадна улсын нэр хүндэд халдаж болохуйц мэдээллийг Төрийн ордонд хийсэн нь тун зохимжгүй үйлдэл болсон хэмээн судлаачид дүгнэж байна. 



Энэхүү томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан өмнө нь Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд Нээлттэй сонсгол явуулах санаачилга гаргаж, нэр бүхий 21 гишүүн гарын үсэг зуран, сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийг байнгын хорооноос байгуулсан. Гэвч УИХ-ын дарга хуулийн хүрээнд сонсгол явуулах боломжгүйг мэдэгдэж, “Нийтийн сонсголын хуульд УИХ-аас томилогддог албан тушаалтны томилгооны асуудлаар сонсгол явуулахаар заасан. Харин Элчин сайдыг Засгийн газраас нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч дэмжсэнээр УИХ зөвхөн зөвшилцөж, шийдвэр гаргадаг” хэмээн тайлбарласан юм. Гэвч УИХ-ын гишүүн Ж.Батзандан 42 гишүүний гарын үсгийг ойрын хугацаанд багтаан цуглуулж, сонсгол явуулахыг дахин шаардахаа мэдэгдсэн. Тэрбээр мөн Б.Хурц өөрийг нь "ална, хорооно" хэмээн заналхийсэн гэх үндэслэлээр төрийн хамгаалалт хүссэн бичгийг УИХ-ын даргад хүргүүлээд байна.
Анхаарал татсан энэхүү томилгоог Байнгын хороо дэмжсэн ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж амжаагүй. Учир нь нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж, дээрх яригдсан асуудлыг хэлэлцэх шаардлагатай болсон юм. Улмаар тус дэд хороо бүрэлдэхүүнээ хоёр гишүүнээр нэмж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг оруулсан ч асуудлаа хэлэлцэж амжилгүй ажлын долоо хоног өндөрлөсөн. Тиймээс ирэх долоо хоногт мөн Б.Хурцын томилгоо болон Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан анхаарлын төвд байх бололтой.

ИРЭХ ЖИЛИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГО ЭДИЙН ЗАСГИЙН
ӨСӨЛТИЙГ БЭХЖҮҮЛНЭ

Ирэх 2018 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад өсөлттэй, сэргэлттэй, өөдрөг төсөөлөлтэй байгаа ирэх оны эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлж, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэн, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэгдэх Мөнгөний бодлогод хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлээд байна. Тухайлбал хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2018-2020 онд жилийн 8 хувь орчимд тогтворжуулах, валютын ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтоох, шаардлагатай тохиолдолд банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, Үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, төлбөрийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох зэрэг зорилтууд тусгагдлаа.

Мөнгөний бодлогод тусгагдсан Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд Банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ эхлүүлж, Төв банкны тухай хуулийн төслүүд өнгөрөгч долоо хоногийн төгсгөлд УИХ-д өргөн бариад байна.
Мөнгөний бодлогыг батлахтай зэрэгцэн УИХ-аас Монголбанкны дүрмийн сангийн хэмжээг  2018 онд 100 /нэг зуун/ тэрбум төгрөг болгож нэмэх, ирэх оны эхний улиралд багтаан Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг батлах, Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх, Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн дэд бүтцийг бэхжүүлж, түүний эрх зүйн орчинг төлөвшүүлэх, Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлыг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан УИХ-ын тогтоолыг мөн баталсан билээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 2017 онд их хүнд нөхцөлд байсан. 2018 он харин эдийн засгийн шинэчлэлтийн жил байхаар харагдаж байна. Ирэх онууд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндэс суурь нь болно” хэмээн чуулганы хуралдааны үеэр хэлж байсан юм.


 
ГАШУУНСУХАЙТЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХАВАР ХҮРТЭЛ 
БОГИНЫН ЗАЙД ШИЛЖҮҮЛЭВ

Эрдэс баялгийн экспортын гол боомт болох Монгол-БНХАУ-ын хилийн Гашуунсухайтад хилийн хяналт шалгалтыг чангатгаж, БНХАУ руу нэвтрэх гарцыг хоёр дахин цөөрүүлснээс үүдэн нүүрс тээвэрлэсэн автомашинуудын 100 гаруй км цуваа үүсч, экспортын хэмжээ ч буурсан талаар өнгөрөгч 10 дугаар сард цуврал сурвалжлага бэлтгэн хүргэж байсан билээ. /Дараах холбоосоор http://montsame.mn/read/69996 уншина уу/

Тэгвэл өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар долоо хоногийн өмнө Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж, Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын нөхцөл байдалтай танилцаад ирсэн юм. Өдөрт 1000-1600 хүнд даацын автомашин нэвтэрдэг байсан хилийн боомт өнгөрөгч долдугаар сараас хойш 500-600, хамгийн ихдээ 800 болж буурсан. Хилийн нэвтрэх чадвараас үүдсэн 100 гаруй км үргэлжилсэн дараалалд жолооч нар 10-14 хоногийг өнгөрүүлж байж нэг автомашин нүүрс хил гаргаж байгаа.
Нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан сайд нар Тавантолгойд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” болон “Оюутолгой” компанийнхан болон орон нутгийн удирдлагууд, нүүрс тээрвэрлэгчидтэй хил дээр үүссэн хүндрэлийг шийдвэрлэх боломжийг ярилцжээ. Энэ үеэр мөн Гашуунсухайтын авто замаар тээвэр хийх стандартыг одоо байгаа 65 тонноос нэмэгдүүлж, 100-110 тонн хүргэх нь зүйтэй гэсэн саналыг багагүй гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хэвлэлийнхэнд тайлбарлаж байв. Хэрэв ингэж нүүрс тээвэрлэвэл 500 автомашин хилээр нэвтэрсэн ч нүүрсний экспортын хэмжээ 40-50 хувь нэмэгдэхээр байгаа гэж байлаа.
Улмаар нөхцөл байдлыг үндэслэн 11 дүгээр сарын 15-наас эхлэн жолооч нарыг богино зайн тээвэрлэлтэд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл уурхайгаас “Цагаан хад” боомт хүртэл нүүрсээ тээвэрлэж, баталгаат агуулахад нөөц бүрдүүлэн, Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэл маршрутаар зорчдог болоод байна. Мөн хилийн ачааллыг бууруулах зорилгоор машины даацын хэмжээг 100-110 орчим тоннд хүргэх шийд гарав. Тээвэрлэлтийн энэхүү маршрут ирэх оны 3 дугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх ба шийдвэртэй холбоотой Засгийн газраас ямар нэг төсөв хөрөнгө гаргахгүй ч зохион байгуулалтын ажлууд хийх шаардлагатай. Мөн нүүрсний тээвэр эрхэлж байгаа ААН-үүдэд нэгдсэн шалгалт хийхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэгдээд байна.


 
МАН-ЫН ДАРГАД У.ХҮРЭЛСҮХ, Д.ХАЯНХЯРВАА, Н.ДЭМБЭРЭЛ НАР ӨРСӨЛДӨНӨ

Дөрвөн жил тутамд хуралдаж, намын дарга, удирдлага, дүрэм, хөтөлбөртөө өөрчлөлт оруулдаг МАН-ын Их хурал энэ сарын 20-22-ны өдрүүдэд болохоор бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусчээ. Тус намын 28 дугаар Их хурал намын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хяналтын хороо тайлан илтгэл, 27 дугаар их хурлаас хойшхи Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлүүдээр өрнөх юм. Мөн намын мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталж, МАН-ын цаашид дөрвөн жил удирдах даргыг сонгох сонгууль явуулна. Тус намын даргад өрсөлдөхөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын Бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлж буйгаа олон нийтэд зарлаад байна. Мөн тус намын гишүүн “Монгол бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг намын даргад нэрээ дэвшүүлж буйгаа илэрхийлж, хүсэлтээ хүргүүлээд байгаа юм. Гэхдээ Их хурлын үеэр намын даргад нэр дэвшүүлэх эрхтэй байдаг тул ирэх өдрүүдэд нэр дэвшигчид дахин нэмэгдэх магадлалтай юм.
Энэ удаагийн Их хуралд урд өмнө байгаагүй олон төлөөлөгч буюу 1309 төлөөлөгчийг сонгон оролцуулж байгаа бөгөөд 1074 нь намын анхан шатны төлөөлөл байгаа бол 236 нь Удирдах зөвлөлийг төлөөлж буй аж.
МАН-ын одоогийн Бага хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд сүүлийн хуралдаанаа хийсэн бөгөөд Их хурлаар Бага хурлыг шинээр сонгон бүрдүүлэх юм. Мөн Удирдах зөвлөлийг бүрэн шинэчилж, удирдлагын тогтолцоонд өөрчлөлт оруулна. Тухайлбал Удирдах зөвлөлийг намын ЕНБД удирдана гэсэн зохицуулалтыг шинээр оруулж буй бөгөөд намын дарга, Удирдах зөвлөл, намын Бага хурал гэсэн босоо удирдлагатай болох талаар тус намын ЕНБД Д.Амарбаясгалан ярьсан. Харин тус намыг удирдах шинэ дарга нь Засгийн газраа толгойлох “бичигдээгүй” дүрмийн талаар тэрбээр “Ерөнхий сайдын асуудал бол албан тушаалтныхаа хувьд Үндсэн хуулийн асуудал. Намын дарга Ерөнхий сайд байна гэж хатуу заасан зүйл байхгүй” хэмээн хариулсан юм.
Ямартаа ч УИХ-ын нийт суудлын 80 орчим хувийг авч, үнэмлэхүй олон болсон МАН-ын Их хурал ирэх долоо хоногт анхаарлын төвд байх бололтой.


 
МОНГОЛ БАХАРХАЛ Н.ТҮВШИНБАЯР "ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЛЭЭ 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их эзэн Чингис хааны мэлмий гийсэн өдөр хэмээн тогтоож, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Энэ жилийн хувьд Эзэн богд Чингис хааны мэндэлсэн 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" өнгөрөгч ням гарагт тохиож, Монгол Улс зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр бүх нийтээр амарч, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэн, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, төрийн далбааг мандуулсан юм.
Мөн энэ өдөр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнадаг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаярт олгов. Монгол Улсад Олимпийн наадмын анхны алтан медалийг авч ирж, түмэн олны бахархал, омогшлыг  бадраан, эв нэгдлийн элч болж чадсан тэрбээр жүдо бөхийн дэлхийн цом, Их дуулга, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон удаа аваргалж, 2012 онд Рио де Жанейро-гийн Олимпоос мөнгө медаль хүртэн амжилтаа бататгасан билээ.
Олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсний дараа Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн бол энэ удаад Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн  “Чингис хаан” одонг олгож, төр, нийгэм, үндэстнийхээ өмнө байгуулсан онцгой гавьяаг нь мөнхжүүллээ. Мөн тэрбээр тэргүүн зэргийн одон хүртсэн анхны тамирчин болж байгаа юм.


“ДЭЛХИЙН МИСС”-ИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД ХҮЧТЭЙ
ӨРСӨЛДӨГЧ ГЭДГЭЭ БАТАЛЛАА

БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотноо бямба гарагийн үдэш "Дэлхийн мисс-2017" тодров. Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Цэвээндашийн Энхжин Монголын амжилтыг нэг шат урагшлуулан тэмцээний үндсэн төрөл "Мультимедиа мисс” номинацид ялж, Шилдэг 15 гоо бүсгүйн нэгээр шалгаран өндөр амжилт гаргалаа. Дэлхийн 118 орны гоо бүсгүй өрсөлдсөн тэмцээний "Мультимедиа мисс" буюу олон нийтийн санал асуулгын шалгаруулалтад эх орны эв нэгдэл, хамтын дэмжлэгийг авч, тэргүүлсэн юм.
Үүнээс гадна Ц.Энхжин шилдэг "Head to head  challenge" шалгаруулалтад багаасаа тэргүүлж, шилдэг 40 гоо бүсгүйн нэгээр, "Зорилго бүхий гоо үзэсгэлэн" буюу шилдэг хүмүүнлэгийн төслийн шалгаруулалтад Ц.Энхжин мөн шилдэг 20-д шалгарсан.
Мисс Ц.Энхжингийн “Дэлхийн мисс-2017”-д үзүүлсэн амжилт:
  • -Дэлхийн мисс шилдэг "15 финалист"
  • -Ард түмний сонголт номинацийн "Ялагч"
  • -Мисс Мултимедиа "Ялагч"
  • -Дэлхийн бүжиг "Топ-5"
  • -Мисс спорт "Топ-8"
  • -Зорилго бүхий мисс "Топ-20"
  • -Мисс Фашион-топ модел "Топ-30"
  • -Head to head challenge Группын "Ялагч"
Өнгөрсөн жил дэлхийн шилдэг 11 гоо бүсгүйн нэгээр А.Баярцэцэг шалгарч, “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Монгол Улс оролцож эхэлсэн 13 жилийн түүхэн амжилтыг тогтоосон. Энэ удаад “Дэлхийн мисс-2017”-гийн тайзнаа "Жалам хар" бүжсэн Ц.Энхжин Монголын гоо бүсгүйчүүд тив дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, гоо сайхны олимп хүчтэй өрсөлдөгчдийн нэг болсныг бататган харуулж чадлаа.

******

Улс эх оронд өнгөрөгч долоо хоногт өрнөсөн гол үйл явдлуудыг тоймлон хүргэхэд ийм байна. Харин ирэх долоо хоногт МАН-ын 28 дугаар их хурал улс төрийн хүрээнд гол сэдэв байх бололтой. Учир нь УИХ-д олонхын суудал авсан эрх баригч намын дарга, удирдлага бүхэлдээ шинэчлэгдэх юм. Үүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх, Нийтийн сонсгол явуулах эсэх ирэх долоо хоногт тодорхой болох бөгөөд арилжааны банк, Төв банкны хуулиуд УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна.

 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Т.Чимгээ

Холбоотой мэдээ