Оффшорт тэмүүлэх хүч ба түүнийг жигших хандлага

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2017-12-07 11:38:07
Татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох зорилгоор Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын Сангийн сайд нар 17 улс орон болон засаг захиргааны тусгай бүс, тэдгээрийн дотор Монгол Улсыг оффшор бүсийн хар жагсаалтанд оруулсан тухай хачирхалтай мэдээ сонсогдлоо.

Хачирхалтай гэдгийн учир нь, “хулгайлсан мөнгөө оффшор бүсэд нуусан” гэгдэх эрх мэдэл, хөрөнгө чинээтэй хүмүүсийг монголчууд нийтээрээ зүхэж буй энэ цаг үед Монгол маань өөрөө оффшор бүс болчихсон “тууж яваа” нь инээдэмтэй хэрэг болой.
 
Оффшорыг жигших монгол хандлага 
 
Оффшор бүсийн талаарх олон нийтийн ойлголт ардын уран зохиолч Т.Галсан гуайн хэлсэн “овт шар” гэдэг үгний утгын хүрээнээс халихгүй байгаа нь үнэн. Гудамжинд тааралдсан хэнээс ч хамаагүй “оффшор гэж юу вэ?” гэж асуухад “баячууд, авлигачдын мөнгөө нуудаг газар” гэж түгдрэлгүй хариулна. Мэдээлэл сайтай зарим иргэдийн хувьд оффшор гэдэг нь “татвараас зайлсхийхийг хүсч буй харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд банкуудын үзүүлдэг үйлчилгээ” аж.  “Гэмт хэрэг, хүний наймаа, зэвсгийн наймаа, хар тамхины наймаа, авлигаар олсон их хэмжээний мөнгийг оффшор бүс дэх нууц дансанд хадгалдаг” гэж бичсэн байхыг олонтоо харлаа. Тэр ч бүү хэл “оффшор бол лалын алан хядагчдын хувьд мөнгөө эргэлдүүлдэг газар” гэсэн ойлголт бий болчихсон байна. Ний нуугүй хэлэхэд, оффшор гэдэг үг нь өдгөө хулгайч, авлигач гэдэгтэй ижил сонсогддог болжээ.



Үүнээс ургуулан бодохуйд, оффшор бүсэд данс нээсэн хүн бүрийг “хулгайч”, “авлигач”, “хүний наймаачин” гэж харддаг нийгмийн сэтгэл зүйн хөрс нэгэнт бүрэлдчихээд байгаа нь илт. Үүнтэй холбоотойгоор Монголоос гаргаж, оффшор бүсүүдэд авлигачдын аваачиж нуусан 17 тэрбум долларыг эргүүлэн авчиръя гэсэн кампанит ажил эрчээ авав. 17 тэрбум доллар гэдэг бол хувь хүний ой тойнд багтамгүй их мөнгө билээ. Ийм хэмжээний мөнгөөр дахиад нэг Улаанбаатар хотыг шинээр барьж босгож болно, эсвэл 170 ширхэг БОИНГ нисэх онгоц худалдан авч болно. Харьцуулахад, манай МИАТ компани таван онгоцтой билээ.

Статистик мэдээллийг үзвэл, манай улсад 110 орны 13140 хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэний 920 нь буюу долоон хувь нь оффшор бүсэд бүртгэлтэй хөрөнгө оруулагчид ажээ. 1990-2015 оны хооронд Монгол Улсад нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсны 10.8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас хийгджээ. Тэгэхээр 17 тэрбум доллар гэдэг нь Монгол руу оффшор бүсээс орж ирсэн мөнгөөр баримжаалан гаргаж ирсэн тоо бололтой. Бодит байдал дээр, Монголын авлигачид хэчнээн их шуналтай байгаад ч дээрх хэмжээний мөнгийг хуримтлуулах, түүнийгээ гадаадад гаргаж нуух боломж тэдэнд байхгүй юм.  

Юутай ч, Монголын төр иймэрхүү зүйлээс урьдчилан сэргийлэх үүднээс хожуу ч гэсэн тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монголын парламент баталсан билээ. Үүнийг “оффшорын хууль” гэж хураангуйлан нэрийддэг.
 
Ерөнхий ойлголт 
 
Муу муухайн үүр уурхай гэж чичлүүлж байгаа хэдий ч оффшор руу дэлхий даяараа хошуураад байгаагийн учир юу вэ? Төвд тэмүүлэх хүч гэдэгтэй адил ийм эргэлзээтэй зүйл рүү ингэтлээ тэмүүлнэ гэж баймааргүйсэн. Үүний учрыг олж, эргэлзээгээ тайлах бодолтойгоор цахим орчинд хэсэг хугацаанд тэнүүчиллээ.

Оффшор /offshore/ гэдэг нь англиар “эргийн гадна” гэсэн утгатай үг ажээ. Далайд гарцгүй монголчуудын хувьд “эргийн гадна” гэдэг үг шууд төсөөлөгдөн буухгүй байж магадгүй. Тэгэхээр бүдүүн тоймоор “эх газраас зайдуу орших арлууд”  гэвэл үндсэндээ ойлгомжтой болно.

Оффшор бий болох хөрс суурь

Аливаа улсын эдийн засаг нь татвар дээр тогтож байдаг билээ. Иргэд, бизнес эрхлэгчид бүгдээрээ л төрийн санд татвараа төлдөг. Тэдний төлсөн татварын мөнгөөр цалин, тэтгэвэр тавьж, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд хэрэгжиж байдаг билээ. Татвар төлөлтийг хянаж байдаг тусгай байгууллагууд бий болж, цаг хугацаанд нь татвараа төлөөгүй эсвэл татвараас зайлсхийсэн тохиолдолд захиргааны болон эрүүгийн хариуцлага ногдуулж байдаг. Үүний хамгийн тод илрэл болох “Төр оршихуй дор татвар оршмой” гэсэн сүрдмээр үг татварын албаны байшингийн ханан дээр сийлээстэй бий.

Гэтэл өнөө цагт даяаршиж буй дэлхийн эдийн засгийн чиг хандлага өөрчлөгджээ. Хувь хүмүүс болон хуулийн этгээдийн төлж буй татварыг байж болох хамгийн доод хэмжээнд хүргэж буулгах асуудал чухлаар тавигдаж байна. Бизнес эрхлэгч хүн бүр “байгалийнхаа зөнгөөр” аль болохоор бага хэмжээний татвар төлөхийг эрмэлздэг. Энэ хүсэл эрмэлзлийг нь гүйцэлдүүлэх газар дэлхийн хаа нэгтээ бий болох нь гарцаагүй бөгөөд тэдгээрийн нэг нь оффшор бүс юм. Ер нь бол, оффшор гэдгийг “татварын зардлаа аль болох бага хэмжээнд байлгах замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж” гэж хялбарчлан ойлгож болно.  

Нөгөөтэйгүүр, дэлхий даяар эдийн засгийн интеграцийн үйл явц маш эрчимтэй явагдаж байгаа билээ. Энэхүү үйл явцын салшгүй нэг хэсэг бол эдийн засгийн чөлөөт бүсүүдийг олноор нь байгуулж буй явдал юм. Ийм чөлөөт бүсүүдийн онцгой нэгэн хэлбэр нь оффшор бүс буюу “татварын диваажин” билээ.
 
Өдгөө оффшор бүсүүдэд банк, даатгалын бизнес төвлөрч, тэдгээрээр дамжуулан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах, экспорт-импортын гүйлгээ хийгдэж, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явагдаж байна. Эдийн засгийн бусад чөлөөт бүсүүдээс оффшор бүсийн ялгагдах гол онцлог нь оффшорт бүртгэлтэй компаниуд үйлдвэрлэл явуулдаггүйд оршино.
 
Өнөөдрийн байдлаар, өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн банкны хадгаламжийн бараг гуравны нэг нь оффшор бүсүүдэд байршиж байна. Хамгийн сүүлд гэхэд, оффшор бүсүүдэд 11.5 их наяд ам.доллар эргэлдэж байна гэсэн тоог олж харлаа.

Оффшорын үүсэл 

Анхны оффшор бүсүүд эртний Грект үүссэн гэж үздэг. Тэр үеийн Финикийн худалдаачид Афины эрх баригчдад татвар төлөхгүйн тулд Грекийн ойролцоох арлуудад очиж, худалдаа наймаа хийдэг байжээ.

Дундад зууны үед Европын худалдаачид цуглуулсан хонины ноосоо Англид бус харин Фландрид борлуулж байсны учир нь, татвар өндөртэй Англид аваачиж зарсан тохиолдолд олох ашиг нь тэгтэй тэнцэхээр байсанд оршино. 

Харин оффшорын талаарх орчин цагийн ойлголт өнгөрсөн 20 дугаар зууны эхээр бий болжээ. Дэлхийн I дайнд оролцсон улс орнууд туйлдан суларч, эдийн засгаа сэргээхийн тулд асар өндөр татвар ногдуулах болсон байна. Жишээ нь, Их Британид гэхэд дайны өмнө 6 хувь байсан орлогын албан татвар дайны дараа 30 хувь болтлоо өсчээ. Үүнтэй зэрэгцээд хэт ашгийн татвар гэдгийг нэмж ногдуулах болов.

Татварын ийм хатуу ширүүн орчин бүрэлдсэн нөхцөлд бизнес эрхлэгчид хөрөнгөө өөр газарт аваачихыг эрмэлзэх нь ойлгомжтой. Энэхүү хүслийг нь хамгийн түрүүнд мэдэрч, гүйцэлдүүлж чадсан газар бол Лихтенштейний Вант улс юм. Европ тивийн яг төвд байрлах энэхүү жижигхэн хот улсын захиргаа газар нутагт нь бүртгүүлсэн компаниудын хөрөнгөнөөс багахан хэмжээний татвар авах болсон бөгөөд тухайн компанийн ашиг орлого, бизнесийн чиглэл зэрэг бусад зүйлийг огт сонирхолгүй орхижээ. Оффшор бүс ажилласан таван жилийн хугацаанд тус вант улсад 747 компани ажиллаж байсан гэдэг.



Өөр нэгэн  жишээ татъя. АНУ-д дэгдсэн “Их хямрал”-ын үеэр Ерөнхийлөгч Т.Рузвельт  1935 онд татварын хэмжээг 23 хувиас 65 хувь болгож өсгөсөн байна. Улмаар 1936 онд энэ хэмжээ 75 хувьд хүрчээ. Ийм нөхцөлд оффшор бүсүүд бий болж, цэцэглэн хөгжсөн гэхэд гайхах хэрэггүй юм. АНУ-ын эргийн ойролцоо орших Бермудын арлуудад анхны оффшор бүс бий болж, үүнийг дууриан Карибын тэнгисийн арлууд тэр аяараа оффшорууд болж хувирав. Мөнгөн хөрөнгө АНУ-аас гол мөрөн мэт урсан гарч эхэлжээ. 
 
Оффшорт тэмүүлэх хүч буюу түүний давуу талууд

Оффшорын бизнес нь дэлхийн улс орнуудын хооронд тогтсон гадаад эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэ төрлийн бизнес нь дэлхийн эдийн засагт нэгэнт хэвшин тогтсон ердийн практик бөгөөд бизнес эрхлэгчдэд эдийн засгийн тодорхой эрх чөлөө болон маневр хийх орон зайг олгож байдгаараа үр өгөөжтэй. Оффшор нь маш олон давуу талтай ба тэдгээрээс хамгийн гол гэж хэлж болохоор заримыг нь дурдая.
1.   Тухайн оффшор бүсэд бүртгүүлсэн байгууллага, хувь хүмүүсийн нууцыг дээд зэргээр хадгалдаг
2.   Оффшорт оруулсан санхүүгийн хөрөнгийг бүрэн хамгаална
3.   Нэмэгдсэн өртгийн албан татвар болон орлогын албан татварын хэмжээ маш бага
4.   Бусдаас өвлөн авсан хөрөнгөнд татвар ногдуулдаггүй
5.   Хууль эрх зүйн хүрээнд хүлээх хариуцлагын дарамт багасна
6.  Компаниа маш богино хугацаанд бүртгүүлэх боломжтой. Үүнд ердөө 1 хоногийн хугацаа шаардлагатай ба бүртгэх үед олон тооны баримт бичиг, дүрмийн сан зэргийг нэхдэггүй
7.   Компани, байгууллагын удирдлага болон хүний нөөцийн удирдлагын зардал буурна
8.   Төрийн хяналтад баригдалгүйгээр валютын арилжаа хийнэ
9. Оффшорт бүртгүүлсэн компанийг үүсгэн байгуулагчид болон захирлуудын талаарх мэдээллийг чандлан нууцална
10.  Дэлхийн түвшний банкны үйлчилгээг авч, хөрөнгө оруулалтыг татах боломж бий болно
11.  Жил бүр татвар төлөх шаардлагагүй
12.  Экспортын болон импортын барааны хэмжээнд хязгаар тогтоохгүй
13.  Европ, Хойд Америкийн зах зээлд нэвтрэх боломж нээгдэнэ
14. Яс үндэс, арьсны өнгө, хөрөнгө чинээнээс үл хамааран аль ч улсын иргэн оффшор бүсэд компани байгуулж, бүртгүүлэх боломжтой гэх мэт олон давуу тал бий.   

Оффшорын онцгүй сул талууд

Оффшор бүсийг “татварын диваажин” гэж нэрлэж байгаа боловч аливаа зүйлд эерэг болон сөрөг тал заавал зэрэгцэн оршиж байдаг билээ. Тиймээс оффшор бүсэд ч сул тал бий бөгөөд тэдгээрээс заримыг нь дурдая.

Юуны өмнө, сүүлийн хэдхэн жилийн дотор олон орны ард иргэд, төр засгийн удирдлагууд оффшор бүсийн талаар дутуу дулимаг, сөрөг ойлголттой болсноос үүдэн эл бүсийн нэр хүнд нэлээд унасан байна. Эдгээр бүс нь санхүүгийн болон бусад төрлийн луйвар хийх, татвараас зайлсхийх орон зай болж хувирч байгаа нь олны нүдэнд ил болжээ.

Үүнтэй холбоотойгоор оффшорт данстай компаниуд өөр орноос их хэмжээний зээл авахад хүндрэлтэй болсон тал бий. Сүүлийн үед томоохон корпорациуд оффшорт бүртгэлтэй компаниудтай хамтран ажиллахаас татгалзах тохиолдол түгээмэл болсон байна

Зарим улсын засгийн газрууд оффшорын бүсүүдэд хэтэрхий сөрөг талаас нь ханддаг болжээ. Харсаар байтал арлын жижигхэн улсууд руу асар их мөнгө урсан гарч байгаад том гүрнүүдийн эрх баригчид дургүйцэх нь мэдээж. Үүнтэй холбоотойгоор, бизнесийн хэлцэл хийх үед оффшор компаниудын зүгээс хөрөнгийнх нь эх үүсвэр цэвэр гэдгийг батлах шаардлагатай болдог. Сүүлийн жилүүдэд гэнэт гарч ирсэн энэ мэтийн дарамт маягийн шаардлагууд нь таны бизнест саад учруулж, таны актив хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эрсдэлтэй.

Өөр нэгэн сул тал гэвэл, зарим оффшор бүс нутагт улс төрийн тогтворгүй байдал үүссэн тохиолдолд бизнесээ бүрмөсөн алдах эрсдэл юм.

Түүнээс гадна, оффшор бүсүүдийн хууль тогтоомжийн ялгаатай байдлаас үүдэн хүндрэл үүсч болзошгүйг энд анхааруулъя. Оффшорт компани байгуулах гэж байгаа бол өөрийн орны хууль дүрмийг бараг л мартах хэрэгтэй болно. Улс орны бүрийн хууль тогтоомж өөр өөр байдаг учраас нэг оффшор бүсэд нь тээвэр-ложистикийн компани бүртгүүлэхэд ашигтай байдаг бол нөгөөд нь даатгалын бизнес эрхлэхэд таатай байх жишээтэй. Иймээс өөрийгөө хүнд байдалд оруулахгүйн тулд, болзошгүй эрсдэлүүдээс зайлсхийхийн тулд оффшор бүсүүдэд компаниудыг бүртгэх талаар мэргэшсэн нэр хүнд бүхий тусгай фирмүүдтэй хамтран ажиллах нь зүйтэй. 

Оффшорын хамгийн онцгүй сул талыг дурдая. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд олон орны улстөрчид ил далдаар олсон мөнгөө  оффшорт нууж байсан нь илэрч, олон нийтийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж, тэдний хандлагыг орвонгоор нь эргүүлж хаяв. “International Consortium of Investigative Journalists” /ICIJ/ буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо оффшортой холбоотой 11,5 сая ширхэг баримтыг өнгөрсөн онд олон нийтэд дэлгэсэн нь дэлхий даяар томоохон шуугиан дэгдээсэн билээ. 



Сэтгүүлчид дэлхийн янз бүрийн орнуудын төрийн тэргүүн, улстөрч 140 хүн оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг болохыг илрүүлснээр төрд итгэх ард олны итгэл алдарсан юм. Тэднээс хамгийн нэр нөлөө бүхий 128 улстөрчийн санхүүгийн нууцыг илүү тодорхой баримтуудтай нь дэлгэжээ. Үүнээс үүдэн Исланд улсын Ерөнхий сайд огцорсон жишээ бий.

Тэр ч бүү хэл, татвараас зугтан оффшорт хөрөнгөө байршуулсан хүмүүсийн тоо аль улсад хэд байгааг газрын зураг дээр гаргасан байх юм. Тухайлбал, зураг дээрх Монгол гэсэн үгэн дээр дарахад 46 гэсэн тоо гарч ирэх жишээтэй.

Энэ бүхнээс үүдээд сүүлийн 2-3 жилийн дотор оффшор гэдэг нь хулгайч, авлигач гэдэгтэй ойролцоо утгатай үг /синоним/ болчихсон нь харамсалтай.  

Б.Адъяахүү
 



 
 
 



 
 
Холбоотой мэдээ