Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна
ВИДЕО МЭДЭЭМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа “гуравдагч хөрш” БНСУ-аас эхлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлээд өвлийн олимпийг зохион байгуулах нэр хүндтэй үйлсэд нь БНСУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод боллоо.
Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улс орны хөгжлийн гол ачааг бизнес эрхлэгчид үүрч байна. Бид харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдээ бүх талаар, тууштай дэмжинэ” гэж тэмдэглэв
Газрын баялаг ихтэй Монгол Улстай хамтран ажиллах боломж их байгааг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон хэллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив.
2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдлүүд