МАХН-ын даргаар О.Баасанхүүг бүртгэх эсэхийг маргааш шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-18 15:56:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх маргааш хэлэлцэнэ.
МАХН-ын II Их хурлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нарын гишүүд өнгөрөгч 12 дугаар сард зарлан Төрийн ордонд зохион байгуулсан. Тус хурлаар оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон юм. Тиймээс уг шийдвэрийг үндэслэн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргаж, энэ сарын 5-нд хэлэлцэхээр товлосон ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нар уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд О.Баасанхүү гишүүний зарлан хуралдуулсан их хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Тиймээс Улсын дээд шүүх маргааш хэрхэн шийдэхээс МАХН-ын даргын асуудал тодорхой болох юм.

Дээд шүүхийн хуралдааны талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Намын Их хурлыг зарлан хуралдуулах гурван субьект байдаг. Намын дарга, гүйцэтгэх товчоо, Бага хурал зарладаг. Хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө ямар нэгэн тайлбар хиймээргүй байна. Хууль бусаар гүтгэж доромжилж буй хүмүүс тайван хүлээх хэрэгтэй. Шүүхийн шийдвэр гарсаны дараа гүтгэлэг, худал мэдээлэл бүрээс нэгийг ч үлдээлгүй хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ" хэмээж байв. 
Н.Туяа
Холбоотой мэдээ