Долоон жил царцсан Цагаанхайрхан сумын хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-22 18:12:10

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Цагаанхайрхан сумд 75 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо. Долоон жил царцаад байсан Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн барилгын ажил дуусч ашиглалтад орж тус сумын 80 -аад хүүхэд тохьтой орчинд хүмүүжих боломжтой болжээ.
Анх 2011 онд шаваа тавьсан энэ цэцэрлэгийн барилга нийтдээ 640 сая төгрөгийн төсөвт өртөгтэй. 90 сая төгрөгийг ОНХС-аас, 550 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж дуусчээ. Шинэ цэцэрлэгийн барилга нь дотроо ариун цэврийн өрөөтэй, тохилог, дулаан орчинтой, сургалт явуулах тоглоом, тоног төхөөрөмжтэй ажээ.
Цагаанхайрхан сум цэцэрлэгийн насны 116 хүүхэдтэй. Үүнээс 52 хүүхэд цэцэрлэгт, 30 хүүхэд хувилбарт сургалтанд хамрагддаг байна. Шинэ байрандаа одоогоор хоёр бүлгээр хичээллэж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс гурван бүлэгтэй болгохыг зорьж байгаа юм байна. Өмнө нь найман орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан бол шинэ барилга ашиглалтанд орсноор дөрвөн галч шинээр ажлын байртай болжээ. Ийнхүү зориулалтын бус байр, гэр цэцэрлэгт 54 жил үйл ажиллагаагаа явуулсан тус сумын цэцэрлэг 75 хүүхдийн шинэ байртай боллоо.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ