Мөсөн хотхоныг нутгийн уран бүтээлчид урлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-27 18:47:50
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл нуурын өвлийн үзэсгэлэнг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг "Мөсний баяр" 19 дахь жилдээ ирэх амралтын өдрүүдэд болно. Гадна дотны жуулчид иргэдийн нүдийг хужирладаг зүйл бол мөсөн хотхон байдаг.

Өмнөх жилүүдэд Улаанбаатар, Хөвсгөл аймгийн уран бүтээлчид хамтран хийдэг байсан бол энэ жил зөвхөн нутгийн уран бүтээлчид мөсөн хотхоныг урлаж байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харъяа байгууллагууд ч онгон дагшин Хөвсгөл нутаг, далай ээжээ хайрлан хамгаалахыг уриалсан Мөсөн хотхоныг байгуулж байгаа гэнэ. Энэ жил Мөсний баяр амралтын өдрүүд таарч байгаа учраас өмнөх жилүүдээс олон зочин ирнэ гэж төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хатагтай Доан Тхи Хыонг, Их Британы Элчин сайдын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Иан Кокс нар Мөсний баярт оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа ажээ.
  Б.Гантуяа
Холбоотой мэдээ