Сэжиг бүхий захидал нээж үзсэний дараа 11 хүний бие мууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-28 10:31:04
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Виржини муж улсын Арлингтон дахь цэргийн баазад сэжиг бүхий захидлыг нээж үзсэний дараа 11 хүний бие мууджээ. Энэ тухай орон нутгийн гал түймрээс хамгаалах алба өнгөрсөн мягмар гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Тус албанаас мэдээлснээр, цэргийн баазын захиргааны нэг байранд захидлыг нээсэн байна. Үүний улмаас 11 хүний бие муудаж, 3 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор тэдний биеийн байдал хэвийн байгаа аж.

Үл мэдэх бодис агуулсан дугтуйг Майер-Хендерсон-Холл баазад хүлээн авчээ. Уг захидлыг нээсэн захиргааны байранд байсан хүмүүсийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс даруй нүүлгэн шилжүүлсэн байна.  Одоогоор цэргийн баазын төлөөлөгчид хортой бодистой холбоотой ослын хор уршгийг арилгах үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн салбар нэгж болон Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж байгаа аж.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ