Хятадын авлигатай тэмцэх кампанит ажил дэлхийд "жишиг" болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-03-14 20:24:25
БЭЭЖИН ./Синьхуа/. – Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын улсын явуулсан авлигатай тэмцэх кампанит ажил нь дэлхийн дахинд үлгэр дууриал болж, олон улс оронд авлигачидтай хатуу тэмцэх ажлыг эхлүүлэхэд нөлөөллөө гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эрх баригч Хятадын Коммунист намын /ХКН/ харьяа Сахилга батыг хянан шалгах хороо 2012 оны 11 дүгээр сараас хойш 1.5 сая гаруй авлигачийг шийтгэж, нөлөө бүхий 440 албан тушаалтныг авлигын хэргээр байцаан шалгасан байна.

Тус улс нь дотоодоо “бар”-аас “ялаа” хүртэл буюу өндөр дээд түвшний албан тушаалтнуудаас эхлүүлээд доод шатны ажилтан албан хаагчдын дунд хүртэл авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлснээс гадна хилийн чанад руу зугтсан авлигач албан тушаалтнуудыг “ангуучлах” зорилгоор “Тэнгэрийн сүлжээ”, “Үнэгний ав” зэрэг кампанит ажлуудыг өрнүүлжээ.

Ажиглагчдын хэлснээр, эдгээр ажиллагааныхаа ачаар Хятад улс авлигачдыг ялан дийлж, тус улсын авлигатай тэмцэх туршлагаас бусад улс орнууд үлгэр жишээ авч байна.

Авлигатай тэмцэх жишиг

Хятад улс авлигатай хатуу тэмцэх кампанит ажил өрнүүлснээрээ авлигад автсан албан тушаалтнуудыг зугтах газаргүй болгож, авлигыг ялан дийлж чадсан гэж Испанийн “Хятадын улс төрийг ажиглагч”  судалгааны төвийн захирал Xулио Риос хэлжээ. Хувийн ашиг хонжооныхоо төлөө эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглагчидтай тэмцэхэд гаргасан ололт амжилт нь Хятад улс авлигатай тэмцэхэд дэлхийд тэргүүн эгнээнд явааг илтгэн харуулж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

“Хятадын дарга Ши Жиньпин авлигачдыг үл тэвчиж, ард түмэн нь авлигын эсрэг кампанит ажлыг ихээхэн дэмжсэн нь тус улсын авлигатай тэмцэх кампанит ажлыг гайхамшигтай үр дүнд хүргэсэн. Өнөөдөр дэлхийн олон улс орон, тэдгээрийн дотор манай улс Хятадын авлигатай тэмцэх туршлагаас суралцаж, үлгэр жишээ авч байна” гэж Камбожийн Авлигатай тэмцэх газрын тэргүүн Ом Йентьенг саяхан “Синьхуа” агегтлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Мөн Ливаны нийслэл Бейрут хотод төвтэйChina In Arab's Eyes” мэдээллийн цахим хуудсын менежер Махмуд Раяа ярихдаа “Дэлхий нийт Хятадын авлигатай тэмцэх кампанит ажлыг шагшин магтацгааж байна” гэсэн байна.

Авлигатай тэмцэх ажлаа улам эрчимжүүлж, авлигыг үндсээр нь устгахад чиглэсэн хууль эрхзүйн цогц орчныг бүрдүүлэх зорилго бүхий хуулийн төслийг Хятад улс одоо болж буй 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганыхаа үеэр батлах аж.

Шинэ хуулийн хүрээнд муж, хот болон хошуун дахь авлигатай тэмцэх, хянан шалгах комиссуудаас бүрдсэн авлигатай тэмцэх хяналт шалгалтын томоохон сүлжээг байгуулах гэнэ.

Хятад улсын авлигатай тэмцэх энэ супер сүлжээ нь тус улсын авлигыг үндсээр нь устгах хүчин чармайлтыг улам бүр эрчимжүүлж, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд нь ихээхэн хувь нэмэр оруулна гэж Руанда улсын эдийн засгийн шинжээч Тедди Каберузка үзэж байна.


Г.Доржханд

Холбоотой мэдээ