Ерөнхийлөгч Х.Баттулгад БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым бараалхлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-06 14:17:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНТУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалд нь амжилт хүсээд, энэ удаагийн түүний айлчлал нь Монгол Улс болон БНТУ-ын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон дурдав.

Тус улстай аялал жуулчлал, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтан ажиллах бүрэн боломжтой талаар уулзалтын үед хоёр тал санал нэгдэн ярилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан Орхоны хөндийг аялал жуулчлалын зориулалтаар тохижуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымын хувьд аялал жуулчлалын салбарт манай улстай хамтран ажилласнаар хоёр улсын нийтлэг соёлыг дэлхий дахинаа таниулах, мөн Турк улсын ард иргэдэд Монгол Улсад байгаа эртний түүх дурсгалуудыг таниулахад чухал ач холбогдолтойг онцлон дурдав.

Хоёр улсын худалдааны эргэлт жилд 30 орчим сая доллар байгааг бодит байдалтай харьцуулахад хангалттай биш хэмээн талууд үзэж, цаашид олон салбарт хамтын ажиллагаагаа үр дүнтэй хөгжүүлэх талаар санал нэгдлээ.
Холбоотой мэдээ