Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн хавар зохион байгуулагддаг орон нутгийн 100 сэтгүүлчийн “Иргэний мэдэх эрх” уулзалт өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд боллоо.
Орон нутгийн 100 орчим сэтгүүлч эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд салбартаа тулгамдаж байгаа асуудлаар төр болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулж, мөн Төр засгийн удирдлагуудтай уулзаж, ярилцаж байна.
“Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо”-ны хүсэлтийн дагуу “Иргэний мэдэх эрх” уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулж, сэтгүүлчдийн уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, сонирхсон асуултад нь хариулсан юм. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Тамгын газрын бодлого, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө зэргээ танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж амалсан. Нийслэлийн найман дүүрэг, Увс, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайгаас бусад бүх аймгийн иргэдтэй уулзаад ирсэн. Энэ сардаа багтаад үлдсэн аймгийн иргэдтэй уулзахаар төлөвлөж байна. Өчигдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй хийсэн уулзалтын дүнг танилцуулж, төрийн бодлого болгох ёстой зүйлсийн талаар үг хэлсэн. Үг хэлэхээс гадна тэдгээр асуудлуудыг хэрхэн шийдэх талаар УИХ-д санал болгосон. Хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хэд, хэдэн хуулийн төсөл өргөн барьж, энэ чуулганы хугацаанд хэлэлцүүлнэ” гээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Радио, телевиз, сонин, сэтгүүлийн ажилтан та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энд ганцхан орон нутгийн гэлтгүй нийт иргэдийн өмнөөс ярьж, асуух эрхтэй хүмүүс ирсэн гэж бодож байна” гээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.