УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-18 08:57:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчинг бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийн зэрэгцээ Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсох юм. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ", “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг хэлэлцэх аж.

Үдээс хойш 13.00 цагаас эхлэх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалах тухай, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас хуралдах бөгөөд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолны хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Холбоотой мэдээ