Дарханы зураачид нийслэлд бүтээлээ дэлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-25 18:17:12
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан хотын зураач урчууд энэ зун 7 сарын 29-нөөс 8 сарын 6-ны хооронд уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгээ  Улаанбаатар хотын  үзэгчдэд  толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Үзэсгэлэнд аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумын Засаг дарга, удирдлагууд, нийслэл хот дахь Дархан хотын Нутгийн зөвлөлийнхнийг урьж оролцуулах аж. 

Зураач, Урчуудын Холбооны тэргүүлэгч, зураач сийлбэрч Г.Эрдэнэтөгс Дарханаас гараагаа эхлүүлсэн Улаанбаатар хотод ажиллаж байгаа бизнесмэнүүд, нийслэл хот дахь Дарханы уугуул сэтгүүлчдийн клубээс ч үзэсгэлэнд  дэлгэх  шинэ уран бүтээл дээр тусалж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Дархан хотын зураач урчуудын холбоог Монгол зургийн уламжлалт дэг жаягаар туурвисан “Хатгамалчин эмэгтэй” зургаараа олны танил болсон ахмад зураач Ц.Жамсран 1961 онд үүсгэсэн түүхтэй. Зураач доктор профессор Ч.Болдбаатар, Л.Бумандорж, барималч Ү.Болд, Д.Буяндалай, Ц.Намдаг, зураач Б.Хаянхярваа, Л.Баатарцогт, До.Болд, Ж.Пүрэв, Б.Чимэд, А.Эрдэнэбаатар нарын авъяаслаг уран бүтээлчид эндээс гараагаа эхэлсэн. Арван жилийн өмнө шинэчлэн зохион байгуулагдахдаа 21 гишүүнтэй байсан холбоо одоо 40 гаруй гишүүнтэй болжээ.

Монголын Урчуудын Эвлэлийн шагналт, барималч Д.Буяндалай “Хаан дөрөө”, зураач Б.Эрдэнэбат “Бурхан уул”, барималч Ц.Намдаг “Ахан дүүсийн бүжиг”, зураач Ц.Батмөнх “Их нүүдэл”, уран дархан О.Түмэнжаргалын “Сүр хүч”  бүтээлүүд нь өөрийн орны болон олон улсын үзэсгэлэн наадмаас шагнал хүртэж байсан юм. Түүнчлэн Дарханы холбооны ууган гишүүн сэтгүүлч, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэнгийн туурвисан сонгодог уран зургийн эсээний галерей цуврал номууд үзэгч уншигчдын таашаалд нийцсээр байна.
Дарханы  зураач, урчууд нь  жил бүр  5- 6 удаа  үзэсгэлэн  гаргаж,  үзэгчидийнхээ хүртээл болгон хэвшжээ.  Зураач, барималчдаас гадна зээгт наамал, уран хатгамалчид, алт мөнгө, үнэт чулууны дархчууд, зураг урлалын хамгийн сүүлийн үеийн шинэ төрөл ланд арт  чиглэлийн бүтээлч залуус тус холбоонд нэгдэн ороод байгаа юм.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ