Албан бус салбарын албан ёсны дүр төрх

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2018-04-27 17:39:40
Албан ёсны салбар байх, албан бус салбар байх хоёр нь өөр өөр ойлголт. Гэхдээ албан бус салбарыг  олон улсад албан ёсоор судлаад   50  орчим жил болж байгаа аж. Нэг үгээр хэлбэл албан ёсны болон албан бус салбар нэг зоосны хоёр тал  мэт  салгаж ойлгох аргагүй болсон бололтой.  Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), Олон улсын хөдөлмөрийн статистк (ОУХС)- ийн бага хуралаас удаа дараа  гаргасан шийдвэр, тэдний баримталж байгаа байр, суурь  гаргаж байгаа уриалга ингэж хэлхэд хүргэж байгаа юм.

Мэдээжийн хэрэг албан ёсны салбар нь мэдээлэл, тооцоо, судалгаа, нэр томъёо нь тогтмолжсон байдаг. Харин албан бус салбар нь тэр хэмжээнд хүрээгүй. Тиймээс тус  салбарыг ямар арга замаар албан ёсны болгох вэ гэдэг дээр олон улсын дээрх хоёр байгууллага одоогоор нэгдсэн жор хараахан гаргаж чадаагүй  гэж хэлж болохоор байгаа юм. Олон улсын хоёр байгууллагаас албан бус салбар, хөдөлмөр эрхлэлтийг  хэрхэн тодорхойлсоныг авч үзье.

Албан бус салбар: Албан бусаар хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс болон байгууллагуудыг албан бус салбар гэнэ (ОУХС –ын 15 дугаар бага хурал)
Албан бус хөдөлмөр эрхлэлт: Албан бус хоршоодын гишүүд, гэр бүлийн гишүүд хувийн хэрэгцээнд ашиглах бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэгчид багтана (ОУХС –ийн 15 дугаар бага хурал) гэж тус бүр тодорхойлсон байх жишээтэй.

Манайд дээрх хоёр салбарыг өөрийнхөө хэмжээнд авч үзэн, Үндэсний статистикийн хороо (ҮС Х) ажиллах хүчний судалгаа (АХС)-ны хүрээнд  судалгаа хийдэг. Тухайлбал албан бус салбарт 2016 онд 159,7 мянган хүн ажиллаж байжээ. Тэдний 94,5 мянга буюу 59,2 хувь нь эрэгтэй, 65,2 мянга буюу 40,8 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэдний  76,7 хувь нь хот суурин газарт, харин  23,3 хувь нь хөдөөд  ажиллаж амьдарч байсан байх юм.

Харин 2017 онд тус салбарт ажиллагсдын тоо 223 мянга болж өсчээ. 127, мянга  буюу 57,4 хувь нь эрэгтэй байхад, 95,1  мянга буюу 42,6 хувь нь эмэгтэй гэж мэдээлжээ. Мөн албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 102 мянга буюу 45,7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, авто машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт. Харин 44,7 мянга буюу 20 хувь тээвэр, агуулахын аж ахуй эрхэлдэг. Тэгвэл боловсруулах үйлдвэрт 36.6 мянга буюу 16.4 хувь нь ажиллаж байгаа ажээ. Манай улсын хувьд албан бус салбарт хандаж байгаа хандлага, хамрах хүрээ ингэс гээд хязгаарлагдах бололтой.

Харин олон улсын дээрх хоёр байгууллага  илүү өргөн хүрээнд авч үзэн  судлан тодорхойлсон байх юм.
Албан бус эдийн засаг: Хууль эрх зүй, түүнийг хэрэгжүүлэх зохицуулалтад албан ёсоор эсвэл бүрэн хамрагдаж чадаагүй, хувь хүн, аж ахуйн нэгжийн  явуулж буй  бүх төрлийн эдийн засгийн үйл ажиллагааг хэлнэ” (ОУХБ)
Албан бус салбар дахь аж ахуйн нэгжүүд: Хөдөө аж ахуйн бус салбарт бүртгэлгүйгээр тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээ худалдах, борлуулахаар үйл ажиллагаа явуулдаг  хувийн жижиг компануудыг хэлнэ (ОУХС –ын 15 –р бага хурал/)
Албан бус салбар  дахь хөдөлмөр эрхлэлт: Албан бус аж ахуйн нэгжид  байнгын болон түр цагаар ажиллаж байгаа бүх хүнийг оруулна (ОУХС –ийн 15 дугаар бага хурал)
Албан бус цалин хөлстэй хөдөлмөр эрхлэлт: Хөдөлмөрийн хууль тогтоомж, орлогын албан татвар, нийгмийн хамгаалал, халамжид хамрагдаагүй  бүх төрлийн хөдөлмөрийн харилцаа багтна (ОУХС-ийн17 дугаар бага хурал) гэхчлэн  тодорхойлсон байна.

Ямар ч улс оронд  энэ салбар ээдрээтэй түвэгтай замыг туулж яваа бололтой. Тус салбарт ажиллагчид бүртгэлгүй, үндэсний статистикт тооцогдоогүй байх  нь ердийн үзэгдэл, бүртгэлтэй ч нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хууль тогтоомж, ажлын байран дахь хамгааллаас гадуур хоцордог. Түүнээс гадна хөдөлмөрийн бүтээмж орлого нь бага байдаг  онцлогтой  гэж олон улсын судлаачид тогтоожээ. Цаашдаа хүрсэн төвшинг нь хэвээр хадгалах,  дэмжлэг туслалцаа үзүүлэн албан ёсны салбар болгоход зорих ёстой гэнэ.Хэрэгжүүлэхэд өндөр өртөг зардал, дарамттай хууль эрх зүйн зохицуулалт албан бус салбарыг албан ёсны болгоход гол хүндрэл учруулдаг аж. Энэ нь албан бус салбар хүрээгээ тэлэх  гол нөхцөл болдог гэж судлаачид үздэг аж.    

Манайд албан бус салбарт 2016 онд ажиллаж байсан ажиллагсадын тоо 2017 онд нэмэгджээ. Түүний хамрах хүрээ ингэж нэмэгдэж байгаа нь тус салбарыг албан ёсны болгох талаар төрөөс хууль, эрх зүйн болон эдийн засгийн ямар ч дэмжлэг үзүүлэхгүй байгаатай холбоотой гэж ҮЭ-ийн байгууллагын төлөөлөл тайлбарлаж байна. 

Урт цагаар, бага цалинтай ажиллагчид   албан бус салбарт байдаг нь нэгэнт тодорхой болжээ. Албан бус салбарын албан ёсны дүр төрхийг нийслэлд байгаа задгай болон битүү захуудын хаяа, тодорхой байршлуудаас  харж болно. Тэр талаар энд дурьдах нь илүүц биз ээ.
                                                                                                                                                           Г. Эрдэнэбат

Холбоотой мэдээ