"Өнөөдрийн хайраас маргаашийн ирээдүй" аян өрнөж эхэллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-30 16:50:36
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Өнөөдрийн хайраас маргаашийн ирээдүй" сэдэвт гэр бүлийн сарын аяныг санаачлан өнөөдөр нээлтээ хийлээ. Аяныг аймгийн ЗДТГ, НҮБ, "Дэлхийн зөн Монгол ОУБ"-ын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар, Есөнбулаг сумын ЗДТГ-ууд хамтран зохион байгуулж байна.
Тэд аяныхаа хүрээнд “Гэр бүл–Хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” эцэг эхчүүдийн зөвлөлгөөн, Хүүхэд, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадвар олгох сургалтыг  зохион байгуулах мөн угийн бичиг хөтлөх хөдөлгөөн өрнүүлж, бичих аргазүйд суралцуулах ажээ. 
Түүнчлэн "Сэтгэл зүй, сургалт мэдээллийн төв"-ийг байгуулж, Есөнбулаг сумын 10 багийн хамтарсан багт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох сургалт явуулахаар төлөвлөсөн байна.
Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцогсод ажлын төлөвлөгөөнд багтсан “Гурван үеийн хэлхээс” уулзалт, ярилцлагыг ихэд сонирхож буйгаа илэрхийлж байсан юм.
“Өнөөдрийн хайраас маргаашийн ирээдүй–Гэр бүлийн сар”-ын арга хэмжээг дэмжин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын дэргэдэх "Залуус" фитнесс клуб 5 дугаар сарын турш Есөнбулаг сумын гэрлэлтийн баталгаатай хосуудад 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлнэ гэдгээ илэрхийлээд байна.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ