Сарын хугацаанд 530 гаруй тонн хог хаягдал цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-07 18:04:28
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-аас урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан сумын нутаг дэвсгэрийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг нэг сарын хугацаанд зохион байгуулж, нийт 530 гаруй тонн хог хаягдал зайлуулжээ.
 
Хог цэвэрлэх ажилд Алтай хотын тохижилт үйлчилгээний газрын ажилчид болон тус сумын ажил хөдөлмөр эрхэлдэггүй 40 иргэн идэвх санаачилгатай оролцсон байна. Уг иргэдийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газраас цалинжуулж ажиллуулсан гэнэ. 
"Энэ жилийн тухайд өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад үхсэн мал, амьтны сэг зэм их байлаа. Энэ нь өнгөрсөн жил өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчид сумын төвд их хэмжээгээр мал өвөлжүүлж, тодорхой хэмжээгээр малаа хорогдуулснаас үхсэн малын сэг зэм болон малын дайвар бүтээгдэхүүний хаягдлаа зориулалтын хогийн цэгт хаялгүй хот тойрсон жалга судганд хийсэн нь цас ханзарч дулаарахаар орчны бохирдол үүсгэлээ" хэмээн холбогдох албаны хүмүүс хэлсэн юм. 

Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ