МСНЭ-ийн хүсэлтэд Прокуророос хариу өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-09 16:39:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хамтарч Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санал ирүүлсэн” тухай мэдэгдсэн.
Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хуулийн байгууллагын дээрх мэдээлэлтэй холбоотой МСНЭ-ээс Хууль зүй, дотоод хэргийн яам, НПГ, ТЕГ-т хандан хуульд нийцсэн бодит мэдээллийг өгөх албан хүсэлт хүргүүлээд байсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас МСНЭ-д "Эрүүгийн хэргийн тухай холбогдох мэдээллийг прокурорын байгууллагад хандан гаргуулах нь зүйтэй” гэсэн хариу ирүүлжээ.
Харин Нийслэлийн прокурорын газраас “Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлд “Прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бусад этгээдэд хэргийн талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй”, 58 дугаар зүйлд “Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтан прокурорын хяналтын ажлыг шалгах, албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцын талаар мэдээлэл өгөхийг прокуророос шаардахыг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа хэргийн талаар тухайлсан мэдээлэл, лавлагаа өгөх боломжгүй байгааг мэдэгдье” гэжээ.
Тиймээс Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд нэр бүхий сэтгүүлч, хувь хүнийг тагнаж чагнасан гэх асуудалд холбоотой сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг МСНЭ-дээ албан ёсоор хандахыг хүсчээ.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ