Бондуудын зарцуулалтыг хэлэлцэхээ дахин хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-01 17:43:25

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр Чингис бонд, Самурай бондын зарцуулалтад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээллийг сонсох байсан ч дахин хойшиллоо.

Учир нь ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан орон нутагт томилолттой эзгүй байгаа, ажлын хэсгийн тайланд 10 гишүүний 4 нь гарын үсэг зурсан, хангалтгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс Хамтарсан хуралдаанд оролцсон гишүүд уг асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшилж, ажлын хэсэгт яаралтай хуралдаж, тайлан дүгнэлтээ гүйцэт бэлэн болгох үүрэг өгөх саналд нэгдсэн юм. 

Бондын зарцуулалтыг дүгнэх ажлын хэсэг байгуулагдаад 11 сар болж байгаа ч таван удаа хуралдсан, ихэнх гишүүд нь хуралдаа суудаггүй, саналаа нэгтгэж чадаагүйд гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс ажлын хэсгийн гишүүдэд ирэх долоо хоногт асуудлаа гүйцэт болгон байнгын хорооны хуралдаанд оруулж ирэх хүртлээ гадаадад болон томилолтоор явах чөлөө олгохгүй, ирцийг бүрэн байлгаж, хуралдах шийдвэрт УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдлээ.

Хуралдааныг удирдаж явуулсан Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь "Л.Энх-Амгалан гишүүн томилолттой хөдөө ажиллаж байгаа.Гэхдээ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Ч.Хүрэлбаатар гишүүн орлоод мэдээллийг хийх боломжтой гэж байсан ч санал хураалгахад хуралдаанд оролцсон 23 гишүүний 18 нь асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулахыг дэмжсэн юм. 

Харин ажлын хэсгийн гишүүн Ч.Хүрэлбаатар, "энэ хуралдаанд оруулж ирсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргахдаа Аудитын хоёр удаагийн дүгнэлт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн биелэлт, Сангийн яамны 2015 оны зургаадугаар сарын 15-нд гаргасан дүгнэлт зэрэгт үндэслэж гаргасан. Ажлын хэсэг хуралдах гэхэд гишүүд ирц бүрдүүлдэггүй нь үнэн. Гэхдээ мэдээлэл бас өгөхгүй тохиолдол байна. Тухайлбал  Хөгжлийн банкны захиралд бид хандаж мэдээлэл авъя гэхэд “Нууц болохгүй” гээд өгдөггүй байсан. Ийм байхад яаж хуралдах билээ" гэсэн тайлбар хэлж байв.  

Н.Гантуяа

Холбоотой мэдээ