АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүний уулзалтыг Монголд зохион байгуулах хүсэлт хүргүүлээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-17 15:28:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-наас өнөөдөр “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зохион байгуулж, өнгөрсөн сард Монгол Улсын гадаад харилцааны салбарт өрнөсөн голлох үйл явдлуудын талаар мэдээлэл хийв.

Өнгөрсөн сард Монгол Улсад БНТУ-ын Ерөнхий сайд Б.Йылдырым болон Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны хэлтсийн дарга Х.Мандахцэцэг мэдээллийнхээ эхэнд дурьдлаа. Айлчлалын хүрээнд БНТУ-тай хөдөө аж ахуй, тээвэр, гамшгаас хамгаалах чиглэлээр, Ирланд Улстай боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллаж, цаашдаа өндөр түвшний яриа хэлэлцээр эхлүүлэх боломж бүрдсэнийг онцлов.

Мөн хурлаар ойрын хугацаанд Монгол Улсад хэд хэдэн томоохон арга хэмжээ болох талаар танилцууллаа. Тухайлбал, энэ сарын 21-22-нд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБООУСТ)-ийн Захирагчдын зөвлөгөөн Улаанбаатар хотноо болно. Зөвлөгөөнд Монгол, Армян, Казахстан, Афганистан зэрэг 13 орны төлөөлөл  оролцож, Далайд гарцгүй орнуудын хөгжлийн төлөв, цаашдын чиг, хандлагын талаар санал солилцох юм.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал ирэх сарын 14-15-нд Монгол Улсад болно. Монгол Улсын санаачилгаар 5 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСУ, АНУ зэрэг 10 гаруй орны 150 төлөөлөгч оролцож, Солонгосын хойгийн зөрчлийг энхийн замаар шийдвэрлэх гарц, боломжийг хэлэлцэнэ. Түүнчлэн энэ оны долдугаар сарын 03-06-нд Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал болох юм. Уг хурлаар дэлхийн хамгийн их гамшигт өртдөг газар болох Ази, Номхон далайн бүс нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, улс орнууд хамтран байгалийн сорилт, бэрхшээлийг даван туулах асуудлыг хэлэлцэх юм.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцохоор болсон. Ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны тов гарсан уу?

-ШХАБ-ын Тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 09-10-нд БНХАУ-ын Чиндао хотод болно. Энэ уулзалтад манай улсын төрийн тэргүүн оролцохоор төлөвлөж байна. Уулзалтын тов болон яригдах асуудлуудын талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас дэлгэрэнгүй мэдээлэл гаргах байх.

-Манай улсын иргэд гадаад улсад хар тамхины хэрэгт холбогдсон хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-БНХАУ-д манай улсын 27 иргэн хар тамхины хэргээр хоригдож байгаа. Мөн Сингапур улсад хар тамхины хэрэгт холбогдсон Монгол иргэд байна. Хар тамхи тээвэрлэх зөөвөрлөх асуудал нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог. Иймд иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь чухал юм.  Ялангуяа бусдын гуйлтаар хүний тээш авч явахгүй байх хэрэгтэй.

-АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүний уулзалтыг хийх талаар Монгол Улс албан ёсны хүсэлт хүргүүлсэн үү?

-Энэхүү уулзалтыг Монголд зохион байгуулах талаар ГХЯ-наас албан ёсны хүсэлт хүргүүлээгүй.

-АНУ-ын визний асуудлаар мэдээлэл өгөхгүй юу?

-АНУ-аас H2 визийг манай иргэдэд олгох асуудал яригдаж байгаа. ГХЯ-наас АНУ-ын холбогдох байгууллагуудтай энэхүү визний төрөл, Монголын иргэд ямар нөхцөлд ажиллах вэ зэргийг нарийн ярилцах шаардлагатай байна.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ