100 айлын худалдааны төвүүд жингийн алдагдалтай наймаа хийдэг байсныг илрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас /14 хоногийн өмнө 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдэд хэмжих хэрэгслээ баталгаажуулах, зарж байгаа бүтээгдэхүүний сав боодол, хэмжээнд анхаарч зохих стандартын дагуу болгох үүрэг өгсөн байна. Энэ дагуу нийслэлийн мэргэжлийн хяналт болон стандарт хэмжил зүйн төв хамтран 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчид гэнэтийн шалгалт хийлээ. Шалгалтын комисс хадаас, хар цаас гэх зүйлсийг худалдаалдаг дэлгүүрээр ороход өмнө тавьсан шаардлагыг биелүүлээгүй ямар ч баталгаа байхгүй жин хэмжүүрээр иргэдэд үйлчилдэг байсныг илрүүлэв. Зүй ёсны шаардлага үүргийг биелүүлээгүй байсан учир НМХГ-ын улсын байцаагч нар торгуулийн хуудас бичиж, зөрчлийн хуулиар арга хэмжээ авахыг сануулав. Байцаагч нар хэд хэдэн барилгын худалдаа эрхлэгч дэлгүүр, бөөний төвөөр ороход хоёр газар нь 14 хоногийн өмнө тавьсан шаардлагыг биелүүлсэн хэмжих хэрэгсэл жингээ баталгаажуулжээ. Худалдаачид дутуу савлагаатай бүтээгдэхүүнийг иргэдэд зарж борлуулдгийг тус шалгалтаар илрүүлсэн байна. БНХАУ-аас импортоор орж ирдэг 30 кг-ын замаскийг хэмжиж үзэхэд 24 кг, 15 кг-аар савласан замасктай бүтээгдэхүүнээс хоёрыг сонгон хяналтын жин дээр тавьж үзэхэд нэг нь 14,6 нэг нь 14,2 байгаа нь жиндээ хүрэхгүй. Шалгалтын ажил цаашдаа үргэлжлэнэ. Эндхийн 300 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ.
Ж.Батсайхан