Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан агентлаг байгуулах тогтоолыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-30 19:31:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд Монгол Улс 2008 онд нэгдэн орсон. Улмаар уг конвенцид тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг УИХ 2016 онд баталсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах төрийн захиргааны байгууллага бий болгохоор хуульчилсан байна. Иймд ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв (СЗСҮТ)-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулахаар тогтоолын төслийг боловсруулжээ. Шинээр байгуулагдах агентлагийн хүний нөөцийг одоо ажиллаж байгаа СЗСҮТ-ийн 31 ажилтныг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шинэ агентлаг байгуулснаар ажилтнуудын цалин хөлстэй холбоотойгоор зардал гарах эсэхийг тодруулав.

ХНХ-ийн сайд С.Чинзориг, “СЗСҮТ-д 121 хүн ажиллаж байгаа. Энэ газрын 90 ажилтан хөгжлийн бэрхшээлттэй иргэдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шаардлагатай сургалтад хамруулах ажлыг хариуцдаг. Үлдсэн 31 нь СЗСҮТ-ийн захиргааны албан хаагчид. Эдгээр хүмүүст тулгуурлан шинэ агентлагийг байгуулах тул зардал гарахгүй” гэсэн хариулт өглөө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 50 гаруй хувь нь олдмол буюу үйлдвэрийн болон зам тээврийн осолд өртсөнөөс үүдэлтэй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргасан байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулахад Засгийн газар болон аж ахуйн нэгжүүд анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэв. Мөн Я.Содбаатар гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах шаардлагатайг дурьдсан юм.

Үндэсний статистикийн газрын мэдээгээр 2017 оны байдлаар манай улсын нийт хүн амын 3.3 хувь буюу 130 мянга 600 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 28 хувь нь хөдөлмөр эрхэлдэг байна. Харин 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй гэсэн судалгаа байдаг аж.
 
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.8 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн УИХ-ын чуулган өндөрлөв.
 Ч.Ариунболд
Холбоотой мэдээ