Цагдаа, цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны тусгай дэлгүүр ажиллаж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас харьяа нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг, цагдаа дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны дэлгүүрийн нээлт болов.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дарга, алба хаагчид, иргэд оролцлоо.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт үйлчлэх дүрэмт хувцасны дэлгүүртэй болох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын 109 тоот өрөөг бүрэн засварлаж, цагдаа 43, дотоодын цэргийн 19 нэр төрлийн дүрэмт хувцас, чимэг хэрэглэл, хэвлэмэл бүтээгдэхүүнээр үйлчлэхэд бэлэн болгов. Техник хэрэгслийн үзэсгэлэнг гурван өдөр иргэдэд нээлттэй үзүүлэх аж.
Ж.Батсайхан