Ц.Батбаяр:Куба улстай биотехнологи, эрүүл мэнд, боловсрол, спортын салбарт хамтран ажиллах боломж их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2018-06-05 12:11:22
Гавана /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяртай хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.

-Куба улс биотехнологийг хөгжүүлэх тал дээр харьцангуй өндөр амжилтад хүрсэн, ялангуяа ард түмнээ гепатит В, С вирусаас хамгаалах, вакцинжуулах тал дээр ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн амжилтад хүрч, Хятад, Иран зэрэг орнууд Кубаас гепатитын эсрэг вакциныг оруулж нэвтрүүлсэн гэж сонслоо. Энэ чиглэлээр Элчин сайд Та ямар ажил хийв?

-Куба улсад томилогдон очсон өдрөөс эдгээр асуудалд анхаарлаа хандуулж ажилласан гэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ. Монгол улсад төдийгүй дэлхийн олон оронд танигдсан элэгний гепатит В, С вирусын эсрэг Интерферон, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтад хэрэглэдэг Хеберфрот тариа, уушгины  хорт хавдрын эсрэг тариа зэрэг олон нэр төрлийн эм, тариа, вакцин үйлдвэрлэж дэлхийн 50 орчим оронд худалддаг БНКУ-ын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д зочилж үйл ажиллагаатай нь  танилцсан.
Кубын БиоКубаФарма нэгдлийн Ерөнхийлөгч Др.Карлос Гутиеррес, Биотехнологийн төвийн захирал Еүлохио Пиментел нар төвийнхөө талаар танилцуулга хийсэн бөгөөд эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах цаашдын нэгэн шинэ боломжит салбараар тус төвийг онцолж, хамтран ажиллах санал байнга тавьж ирлээ.
Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй үнээр гепатит В вирусын эсрэг вакцин, диабетын хөлний шархлааны эсрэг Хеберфрот тариаг Монголд нэвтрүүлэх тухай хоёр ч хамтын ажиллагааны төслийг Кубын БиоКубаФарма нэгдэлтэй хамтран боловсруулж, ЭМЯ-нд хүргүүлсэн. Диабетын Хеберфрот тариаг Монголын иргэд сонирхож, ЭСЯ-наас асууж сураглаж байдгийг хэлэх хэрэгтэй.

-Кубын Биотехнологийн төвийн төлөөлөгчид Монгол Улсад 2017 оны 3 дугаар сард айлчилж, Монгол улсын холбогдох эмнэлгүүд, хүрээлэнгүүдээр зочилж, мэргэжилтнүүдтэй санал солилцож хамтын ажиллагааны эхлэл тавигдсан. Түүний мөрөөр ямар ажил бодит биеллээ олов?

-Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвийн Ерөнхий захирал Эулохио Пиментел, Биотехнологийн төслийн шинжээч Мануэль Рафаэль Раисес Перес-Кастаньеда болон Хөдөө аж ахуйн биотехнологийн мэргэжилтэн Абель Эрнандес Веласкес нар 2017 оны 3 дугаар сард манай улсад ажилласан. Төлөөлөгчид Монголд ажиллах үеэрээ Улсын Клиникийн Нэгдүгээр төв эмнэлгийн Диабетын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Мал эмнэлгийн хүрээлэн, Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төв, Сонгино дахь “Биокомбинат” ТӨААТҮГ зэрэг байгууллагад тус тус зочилж, үйл ажиллагаатай нь танилцан, удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, туршлага, санал солилцсон.
Талууд Улсын Клиникийн Нэгдүгээр төв эмнэлэг, Кубын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн хооронд хамтран ажиллах тухай Эрмэлзэх захидалд гарын үсэг зурсан.  Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр тал зүрх судасны өвчин, элэгний В гепатит, чихрийн шижин өвчний хөлийн шархлааны үеийн эмчилгээ, шамбарам, уушгины хавдрын эмчилгээ зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж нээгдсэн.
Монголын “Эм Импекс ХХК” компаний захирал Б. Болормаа тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 7 дугаар сард БНКУ-д ажиллаж, Кубын Генетикийн инженер, биотехнологийн төв, Эмнэлгийн үйлчилгээний төв, Лабиофам нэгдэл, FINLAY эм, тарианы үйлдвэр, БиоКуба Фарма нэгдэл зэрэг эрүүл мэндийн салбарын томоохон компаниудаар зочилж уулзалт хийсэн. Үүний хүрээнд БНКУ-д үйлдвэрлэдэг, дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диабетын хөлний шархлааны эмчилгээний тариа Хэбэрфрот зэргийг Монголд нэвтрүүлэх төсөл дээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын эхээр Хэбэрфрот тариаг улсын бүртгэлд бүртгэсэн нь Монголын олон зуун өвчтөний асууж сурч байсан тариаг хэрэглэх боломжтой болсон нь  ЭСЯ-ны уйгагүй ажлын бодит үр дүн гэж хэлж болно.
Энэ тариаг дэлхийн 20 орон, түүний дотор манай хөрш ОХУ, Беларусь, Турк зэрэг улс 2014 онд бүртгэж эмчилгээнд нэвтрүүлсэн байдаг. 
Монголын “Интермед” эмнэлгийн гүйцэтгэх захирал Я. Нямтогтох нарын төлөөлөгчид 2017 оны 9 дүгээр сард Гаванад ирж, Кубын төрийн өмчит Эмнэлгийн үйлчилгээний төвтэй байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, БНКУ-ын нарийн мэргэжлийн эмч нарыг Монголд хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тохиролцоонд хүрсэн. Үүний дагуу Кубын өндөр мэргэжилтэй, туршлагатай 3 эмч 2018 оны 2 дугаар сараас Монголд ажиллаж байна.

-Боловсролын салбарт хамтран ажиллах ямар ахиц гарав. МУИС Гаванагийн Их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байдаг. Манайхаас цөөн тооны монгол оюутан Куба улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Тэд голдуу ямар чиглэлээр сурч байгаа вэ?

-МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар Гаванагийн Их сургуулийн захирал Густаво Кобрейрогийн урилгаар 2018 оны 2 дугаар сарын 12-15-нд  БНКУ-д айлчилж, “Их сургууль- 2018”  Олон улсын дээд боловсролын конгресс болон Гаванагийн Их сургууль үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн арга хэмжээнд оролцсон.  Тэрбээр Гаванагийн Их сургуультай хийх цаашдын хамтын ажиллагаа, хөтөлбөрийн талаар харилцан санал солилцож, МУИС-д испани хэл, орон судлалыг эрчимжүүлэх, сургуулиуд хоорондын багш, оюутан солилцоог эхлүүлэх, хамтарсан судалгаа хийх, хамтын ажиллагааны санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор үр дүнтэй айлчлал хийгээд явсан.
Мөн Гаванагийн Их сургуулийн захирал Др.Густаво Кобрейро, Эдийн засгийн сургуулийн захирал Др. Антонио Ромеро, Хэл, соёлын сургуулийн захирал хатагтай Родригес Пүэрто, Гадаад харилцааны хэлтсийн дарга хатагтай Илеана Сорояа Фернандез нартай тус тус уулзаж, МУИС-ийн түүхэн хөгжлийн явц, сүүлийн жилүүдэд хэрэгжиж буй хөтөлбөр, цаашдын зорилгын талаар танилцуулж, хоёр их сургууль хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж байгааг тэмдэглэв.


МУИС-д испани хэлний чиглэлээр сурч буй оюутнуудад дэмжлэг болох үүднээс түүх, соёл, утга зохиолын холбогдолтой ном, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг харилцан солилцох, Гаванагийн Их сургуулиас испани хэлний багш урьж ажиллуулах асуудлаар харилцан санал солилцоход МУИС-д Гаванагийн Их сургуулийн испани хэлний багшийг нэг жилийн хугацаатай жил бүр шинэчлэгдэж ажиллаж байхаар ярьж тохирсон.
Куба улсад нийтдээ 25 Монгол иргэн ажиллаж, амьдарч, сурч байна. Үүнээс  15 оюутан,  нэг иргэн докторант мэргэжил дээшлүүлэх сургалтад хамарч байгаа. Манай оюутнууд голдуу анагаахын чиглэлээр суралцдаг. Кубын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр хоёр оюутан анагаах ухааны мэргэжлийн хуваарь олгодог байсныг Кубын Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын яамны удирдлагатай уулзсаны үр дүнд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 2017-2018 онд  3 оюутан нэмж сургах болсон нь чамлахааргүй тоо. Харин Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр Куба улсын 2 оюутныг сургахаар болсон.Одоо Кубын талаас Монголд сургах хоёр оюутнаа шалгаруулж байна.

-Монголын удирдаач Банзарын Лхагвасүрэн Кубын үндэсний симфони оркестртой бие даасан концерт тоглосон тухай мэдээ “сошиалаар” тархаж, 10000 гаруй хүн түүний концертын бичлэгийг сонссон байсан. Монгол, Кубын хооронд соёл, урлагийн хамтын ажиллагаа хэр өөдрөг байна вэ?
-Манай ЭСЯ-наас санаачлан Монголын удирдаач Б. Лхагвасүрэнгийн Кубын Үндэсний симфони найрал хөгжмийг удирдан дэлхийн сонгодог болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг  Кубын үзэгчдэд анх удаа толилуулсан концертыг Гавана хотын Үндэсний театрт 2018 оны 2 дугаар сарын 25-нд болсон. Кубын сонгодог хөгжим сонирхогчид,үзэгчид  манай авъяаслаг удирдаач Б. Лхагвасүрэнгийн удирдлагаар Кубын симфони оркестр Л. Бетховен, А. Дворжак нарын бүтээлээс гадна Монгол улсын Төрийн шагналт, УГЗ  Б. Шаравын “Үлэмжийн ертөнц”, нэрт хөгжмийн зохиолч З. Хангалын “Эрдэнэсийн уул”, “Салхич шувуу” зэрэг бүтээлийг Гавана хотноо эгшиглүүлэн тоглосныг сэтгэл бахдан сонслоо.


Монголын удирдаач Б. Лхагвасүрэн Кубын Үндэсний симфони оркестрын хамт

Монгол, Куба хоёр улс дэлхийн бөмбөрцгийн хоёр талд алс хол орших боловч сонгодог урлаг, сонгодог хөгжим хоёр ард түмнийг ойртуулахад нэн чухал үүрэгтэйг Кубын Соёлын яамны дэд сайд Фернандо Рохас концертыг үзээд хэлж байсан. Концертыг Кубын Соёлын яам, Кубын хөгжмийн институт, Соёл урлагийн их сургуулийн багш сурагчид, Кубын үзэгчид нийт 600 орчим хүн үзэж сонирхсоноос гадна Гаванад суугаа ДТГ-ын тэргүүнүүд, ЭСЯ-ны дипломат ажилтнууд урилгаар үзсэн.
Цаашид Гавана хотод Улаанбаатар хотын соёлын өдрийг зохион байгуулах, Гавана хотын аль нэг цэцэрлэгт хүрээлэн эсвэл талбайг Улаанбаатар хотын нэрэмжит болгох зэргээр ЭСЯ-наас санаачлан хэрэгжүүлэхээр чармайж байгаа ажлууд бий.
-Монголчууд Куба руу 30 хоног визгүй зорчдог. Кубын аялал жуулчлалын  талаар мэдээллийг өгөхгүй юү?
 
-Саяхан 2018 оны 5 дугаар сарын эхээр Кубын аялал жуулчлалын яармаг Кубын үзэсгэлэнт газруудын нэг, Вилла Клара хотоос холгүй орших Каёо Санта Мариа хэмээх газар болж өнгөрлөө. 1989 онд эхэлсэн энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд Кубын арлын эх газрыг Каёо Санта Мариа хэмээх далайн бүлэг жижиг арлуудтай холбосон далай дундуур авто зам, 40 гаруй гүүрийг 10 жилийн дотор барьж байгуулан одоо 5 одтой 40 орчим зочид буудал тэнд үйл ажиллагаа явуулж жилдээ хагас сая орчим жуулчин хүлээн авч байна. Түүнчлэн дэлхийд алдартай Варадеро амралт, зугаалгын бүс нь Гавана хотоос 130 км-д оршдог. Тус хойгт одоогийн байдлаар 150 орчим зочид буудал, нэг олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаа явуулж байна. Куба улс жилдээ 5 сая жуулчин хүлээн авах чадалтай. Жуулчдын 45 хувийг Варадеро дангаараа хүлээн авдаг. Варадеро амралтын бүс цав цагаан элс, номин хөх ус бүхий наран шарлагын эргээрээ дэлхийд алдартай.
Сүүлийн жилүүдэд Монгол, Кубын хооронд иргэд харилцан зорчих нь нэмэгдэж байна.  Кубын аялал жуулчлалын яамны албаны хүмүүстэй уулзахад Кубын хилээр Монголоос ирж буй жуулчид болон Кубын зах зээл, бизнесийн орчинтой танилцахыг  хүссэн хувийн хэвшлийнхний тоо нэмэгдсэн талаарх судалгааг танилцуулж байсан. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн Ганхүү нарын баг 2017 онд Кубад ирж куба орон, кубачуудын тухай нэвтрүүлэг хийж Монголын телевизээр цацсан нь Кубыг сонирхогч монголчуудын тоог нэмэгдүүлэхэд нөлөөлсөн нь гарцаагүй. Хятадын “Айр Чайна” агаарын зорчигч тээврийн компани Бээжин-Монреаль-Гавана чиглэлийн шууд нислэг 7 хоногт хоёр удаа үйлдэж байна. Мөн Туркийн “Туркиш Айрлайнз” компани нь Истанбул-Гавана-Истанбул чиглэлээр байнгын нислэгээ 2016 оны 12 дугаар сараас эхлүүлсэн. Гавана болон бусад хотуудад Москва, Парис, Бээжин, Истанбул хотоос ийм төрлийн шууд нислэгийн тоо нэмэгдэх тусам Монголоос ирэх  жуулчны тоо хэмэгдэх нь  гарцаагүй юм.

Элчин сайд Ц. Батбаяр Кубын жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийнхантай хамт

-Куба Олимпийн тоглолтуудаас нийт 220 медаль авсан байдаг. Спортын салбарт ямар ажлууд хийж байна, ялангуяа 2020 оны Токиогийн Олимпийн өмнө Монгол, Кубын тамирчид ямар төрлөөр хамтран бэлтгэл сургуулилт хийх вэ?
 
-ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц. Шаравжамц тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сард БНКУ-д айлчилж, “Спорт ба Хүний хөгжил” сэдвээр болсон VII удаагийн Биеийн тамир, спортын олон улсын хуралд оролцсон. Хурлын өдрүүдэд Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институтын ерөнхийлөгч Антонио Эдуардо Бекали болон тамирчид, дасгалжуулагчдын хамтарсан бэлтгэл, солилцоог хариуцдаг “КУБАДЕПОРТЕС” агентлагийн тэргүүнтэй тус тус ажлын уулзалт хийв. Тэд  Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БНКУ-ын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институт хооронд 2014 онд байгуулсан “Биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцож, цаашид Токиод 2020 онд болох Олимпийн тоглолтын бэлтгэл ажлын хүрээнд дасгалжуулагч тамирчдын солилцоог нэмэгдүүлэх, хоёр талын зохион байгуулж буй тэмцээн уралдаан, спортын эрдэм шинжилгээний хурал, семинарт спортын мэргэжилтэн, тамирчдыг харилцан идэвхтэй оролцоход тал талаасаа дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсон.


БТСГ-ын дарга Ц. Шаравжамц Кубын биеийн тамир, спорт, чөлөөт цагийн агентлагийн Ерөнхийлөгч А. Бекалитай уулзалт хийв.

-Испани хэл Монголын залуучуудын сонирхдог хэлний нэг болжээ.  Испани хэл сурья гэсэн залуус Куба болон Латин Америкийн бусад оронд очиж сурах боломж хэр байдаг вэ? 

-Гаванагийн Их сургуулийн гадаад хэлний сургуулиас испани хэл сурах сонирхолтой хүмүүст богино, урт хугацааны хэлний курс, сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Богино хэмжээний 40, 60, 80 цагийн курсын хичээлийн төлбөр 200-360 ам.доллар байдаг, богино хэмжээний курсын төлбөрийг 4-6 /320-480 цагийн хичээл/ сараар хийвэл 1000-1400 орчим ам.доллар болох бөгөөд сар тус бүрээр хийснээс хямд тусдаг байна. Богино хэмжээний курст испани хэлний анхан шатны мэдлэг авах, түгээмэл харилцан ярианы хүрээнд ярих боломжийг олгох бөгөөд богино курсууд нь сурагчийн испани хэлний мэдлэгээс хамааран анхан, бага, дунд, дэвшилтэт, дээд гэсэн 5 түвшинд суралцах боломжтой. Тус курс нь испани хэлнээс гадна математик, утга зохиол, түүх, нийгэм зэрэг суурь хичээлүүдээр ч сурах боломжтой. 
                                                                         
  ГАВАНА ХОТ, 2017.05.21.
 

Холбоотой мэдээ